СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хугацаат цэргийн 22 алба хаагчид халдсан ахлагчийн гэм бурууг дэнслүүлнэ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
4 сарын өмнө

Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн салааны захирагчийн орлогч Б.Төрмөнхөд Эрүүгийн хуулийн 28.3-1 дэх хэсгийн “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн” гэх заалтын дагуу Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Тэрбээр 2023 оны аравдугаар сард “Жагс” команд oгчихooд байхад хоцорч ирлээ” хэмээн байлдагч З.Б-ийн биед нэг бус удаа халдсан, мөн байлдагч А.Б-ийг удаа дараа цохиж хүч хэрэглэсэн, цэргийн амрах байранд цэвэрлэгээ муу хийлээ гэсэн шалтгаанаар хугацаат цэргийн цөөнгүй алба хаагчид халдсан хэрэгт буруутгагдаж буй аж. Түүнд холбогдох хэрэгт өнгөрсөн оны аравдугаар сард хугацаат цэргийн алба хааж байсан 22 иргэн хохирогчоор тогтоогдсон байна.

Цэргийн дүрмийн бус харилцааг таслан зогсоох чиглэлээр ХЭҮК, хууль, хяналтын байгууллагаас хяналт шалгалт багагүй хийдэг ч ийм явдал давтагдсаар буй юм. Тухайлбал, Дорнод аймгийн Прокурорын газраас тус аймгийн хэмжээнд 2023, 2024 оны I улирлын байдлаар гарсан цэргийн албаны эсрэг гэмт хэргүүдийг судалж, урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч байгаа гэнэ. Хилийн цэргийн 0306 дугаар ангид гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар прокурорын мэдэгдэл хүргүүлж, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, Хилийн цэргийн 0132, 0198, 0275, 0306 дугаар ангийн офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдад хууль эрх зүйн сэдвээр яриа таниулга хийж, сургалт зохион байгуулжээ.

Дээрх хугацаанд дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэсэн, цэргийн албанаас оргон зайлсан, байлдааны зэвсэг, галт болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэлтэй харьцах журам зөрчсөн зэрэг цэргийн албаны эсрэг найман хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд Дорнод аймгийн Прокурорын газраас хяналт тавьж, дөрөвт нь яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлсэн гэнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.