“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн дэх "Эрдэнэс Тавантолгой" ХК 1 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий хоёр үе шаттай хэрэгжих “Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл”-ийн эхний шатны төсөл болох жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг өнөөдөр нээж, ашиглалтад орууллаа.
Эрдэнэс тавантолгой ХК нь стратегийн ач холбогдол бүхий томоохон 10 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж буй бөгөөд эхнийх нь ийнхүү ашиглалтад орж буй юм. Энэхүү төслийг 2022 онд эхлүүлж байжээ.
Уул уурхайн салбарыг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэрээр Тавантолгойн ордыг түшиглэн жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
Нүүрс баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор “Эрдэнэс Тавантолгой” ХК жилд дунджаар 24 орчим сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж, 1.9 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олж, 197.3 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллах бөгөөд улс болон орон нутгийн төсөвт татвар, төлбөр хэлбэрээр нийт 185.8 сая ам.долларыг төвлөрүүлнэ.
Мөн төсөл хэрэгжсэнээр улс орны болон бүс нутгийн нийгэм эдийн засгийн өсөлтийг дэмжиж 472-928 шууд ажлын байрыг шинээр бий болгож, жилд дунджаар 185.8 сая ам.долларыг улс, орон нутгийн төсөвт оруулж, улмаар ордын нөөцийг хаягдал багатай, иж бүрэн ашиглах, экспортыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарт тавигдах шаардлагыг оновчтой байдлаар хангах, экологийн сөрөг нөлөөллийг бууруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашиг ихээхэн нэмэгдэх зэрэг олон давуу тал бий болох юм.
Ашиглалтад орсон 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийн нийт санхүүжилт 1 их наяд төгрөг, үүнээс одоогийн байдлаар 796 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдээд байна.
Нүүрс баяжуулах үйлдвэр нь ази номхон далайн бүсэд үйлдвэрлэл, технологиороо тэргүүлэгч брэндүүдийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд байгаль орчинд ээлтэй, үр ашигтай технологитой гэдгээрээ онцлогтой.
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын "Норинко интернэйшнэл кооперэйшн" компани болон "Дади инженеринг девелопмент групп" компанийн түншлэл оролцож, УУХҮЯ, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн инженерүүд хяналт тавин ажиллажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.