Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Дүнжингарав” худалдааны төвийн урд уулзварт шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин БХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн эзэмшилд бүртгэлтэй жийптэй энэ оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө шүргэлцсэнээс дэлбэрч, их хэмжээний гал гарч, аврагчид болон энгийн иргэд амиа алдан, олон айл орох оронгүй болсон.
Энэ гал түймрийн хэрэгт ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, НПГ-аас хяналт тавьж буй билээ.
Мөрдөн шалгах, хяналт тавих ажлын хэсгийнхэн гал гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэр хэмжээг тогтоохын тулд зургаан төрлийн 62 шинжилгээ хийлгэхээр мэргэжлийн байгууллагуудаас шинжээч томилж, 60 орчим дүгнэлт гаргуулжээ. Галын улмаас онцгой байдлын албаны гурван алба хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, есөн хүн хөнгөн, хүнд хэлбэрээр гэмтэж, угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж тэмдэг 26 хүнээс илэрсэн. Түүнчлэн 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга, байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь эцсийн байдлаар тогтоогдсон байна. Одоо хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж буй бөгөөд хэн нэгэнд холбогдуулж яллагдагчаар татаагүйг албаны эх сурвалжууд мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.