Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан М.Отгонтуяад холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.
Түүнийг албан тушаалаа урвуулан, хорих ангид ял эдэлж буй иргэний нэр дээр зээл гаргуулах талаар хамаарал бүхий хүмүүст нь санал тавьж, улмаар хэд хэдэн хөтөлбөрөөс тодорхой хэмжээний мөнгө гаргуулахаар шийдвэрлэн, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт буруутгаж буй юм.
Тодруулбал, “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүгийн дэмжлэгийн зардлаас таван сая төгрөг гаргуулж, тухайн ял эдэлж буй хүний нэр дээр олгохоор шийдвэрлэн өөртөө авсан байж болзошгүй хэмээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулсан аж. М.Отгонтуяаг Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэх заалтын дагуу яллагдагчаар тооцжээ. Прокурорын байгууллага өнгөрөгч долоо хоногт эрүүгийн 257 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхэд дээрх албан тушаалтан багтсан юм.
Г.Орчлон
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.