Соёлын яамтай болж, улмаар соёл, урлагийн салбарт өрнүүлсэн 89 бүтээн байгуулалтын нэг нь Улсын хүүхэд, залуучуудын театр юм.
Тус театрын барилгыг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт барьж, өнгөрсөн дөрөвдүгээр сард албан ёсоор үүдийг нь нээсэн. Ингэснээр 341 мянган хүн амтай тус дүүргийн иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, театр урлагийн урсгалуудыг танин мэдэх, суралцах боломжтой боллоо. Мөн үндэсний урлагаа өвлүүлэн хөгжүүлэх, дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, иргэд, олон нийтийн соёл, урлагийн мэдлэгийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах орчин нөхцөлийг бүрдүүлэв.
Тус театр 12900 ам метр талбай, 1000 гаруй хүний багтаамжтай танхим, орчин үеийн стандартад нийцсэн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон видео болон дуу бичлэгийн студитэйгээс гадна номын сан, үзэсгэлэн, дугуйлан, сургалтын танхим, кофе шоп, зоогийн газар зэрэг үзвэр, үйлчилгээний хэсгээс бүрддэг. Үүнээс гадна Хүүхэд, залуучуудын театр нь 4600 мкв бүхий чөлөөт талбай, театрын арын хэсэгт хүүхдийн тоглоомын талбайг барьж байгуулан тохижуулсан. Түүнчлэн бага насны хүүхдийн тоглоомын өрөө зэргийг шийджээ.
Анх 1951 оноос Хүүхдийн төв театр нэртэйгээр байгуулагдаж, улмаар Хүүхэд, залуучуудын театр болон үйл ажиллагаагаа өргөжүүлж байсан ч 1997 онд хувьчлагдсанаар хүүхэд, залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих театргүй болсон юм. Тэгвэл өдгөө Соёлын яамтай болж, улмаар соёл, урлагийн салбарт их бүтээн байгуулалтын ажлыг бодлогоор эрчимтэй өрнүүлсний үр дүнд Улсын хүүхэд, залуучуудын театраа 27 жилийн дараа дахин байгууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.