СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Монгол Улс тусгаар тогтнол, аюулгүй байдал, эрх чөлөөгөө баталгаажуулах, олон улсын тавцанд нэр хүндээ өсгөх боломжийг огт алддаггүй

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Монгол Улс тусгаар тогтнол, аюулгүй байдал, эрх чөлөөгөө баталгаажуулах, олон улсын тавцанд нэр хүндээ өсгөх боломжийг огт алддаггүй гэж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлэв.

Нэг. Гадаад харилцаа тэнцвэртэй байх ёстой гэж та их ярьдаг. Дээр нь прагматик гадаад бодлого гэж бас ярьдаг. Тэнцвэртай харилцаа, прагматик гадаад бодлого гэдгээ жаахан энгийн үгээр тайлбарлаж болох уу?

Манай гадаад бодлогын амин сүнс нь тэнцвэртэй харилцаа юм. Бидэнд урд хөрш байна, хойд хөрш байна, энэ хоёр хөрштэйгээ бид тэнцвэртэй харилцах ёстой. Тухайлбал ОХУ-ын Гадаад хэргийн сайд С. Лавров 2022 оны 7 дугаар сард, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И сарын дараа 8 дугаар сард Монгол Улсад албан ёсоор айлчилсан нь хоёр хөршийн харилцааг тэнцвэржүүлэх гадаад бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. Энэ хоёр айлчлалаар хоёр болон гурван талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлж олон улсад нүүрлээд байсан бараа таваар хомсдох, эргэлт нийлүүлэлт тасалдах эрсдлээс сэргийлж чадсан. Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг дахин 5 жилээр сунгаж, гурван улсыг холбосон төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, техник, эдийн засгийн үндэслэлийн ажлыг эхлүүлсэн.

Хоёр хөршийн цаана гэж гуравдагч хөршүүд гэж байна. Хоёр хөршийн харилцаа хоорондоо тэнцвэртэй байхаас гадна нийлбэр дүнгээрээ гуравдагч хөршийн харилцаатай тэнцвэртэй байх ёстой. Энэ бол гадаад бодлогын суурь зарчим. Энэ зарчмыг тууштай баримталж зөвхөн 2022 онд өндөр, дээд түвшинд 10 гаруй айлчлал хэрэгжүүлсэн. Гадаад харилцааны 6 сайд Монголд айлчилсан. 2023 онд гадаад харилцааны сайдын түвшинд 10 гаруй айлчлал хэрэгжүүлж 11 улстай засгийн газар хоорондын комиссыг хуралдуулж 21 улстай улс төрийн зөвлөлдөх уулзалт хийсэн. Олон талт 6 гэрээнд нэгдэн орж Засгийн газар хоорондын 41 хэлэлцээр байгуулж яам хоорондын 199 гэрээг хянасан.

Бид хоёр болон гуравдагч хөршүүдтэйгээ тэнцвэртэй харьцаж байж үндэсний аюулгүй байдлаа хангадаг. Хүн ам цөөнтэй, цэрэг арми багатай улс ингэхээс өөр аргагүй. Тэгэхээр тэнцвэртэй харилцаа бол манай үндэсний аюулгүй байдлын баталгаа юм. Өнгөрсөн хугацаанд бид энэ тэнцвэртэй харьцааг хадгалах гэж багагүй хүчин чармайлт гаргаж ажиллаа. Ялангуяа дэлхий нийтээрээ талцаж хуваагдсан үед харилцааг тэнцвэртэй хадгална гэдэг гадаад яамны хувьд томоохон сорилт. Энэ олон айлчлалууд бүгд гадаад харилцааны тэнцвэртэй байдлыг хадгалах гэсэн, өөрөөр хэлбэл та бидний амар амгалан, эрх чөлөөтэй амьдралын баталгааг хангах гэсэн, дээр нь болж өгвөл эх орныхоо хөгжил дэвшлийг бага ч болов урагшлуулчих гэсэн тодорхой зорилготой байдаг. Олон улсын хямрал, геополитикийн өрсөлдөөн, дайн сөргөлдөөн, талцал хуваагдал гүнзгийрсэн гадаад харилцааны ээдрээтэй орчин нөхцөлд Монгол Улс хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харилцаж гуравдагч хөршийн бодлогыг практик үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүллээ.

Дээр нь дэлхийн улс төрд нэр нөлөөтэй, томоохон удирдагчдын айлчлал дэлхийн мэдээллийн хэрэгсэлээр өргөн цацагдаж улс орны нэр хүндийг өргөдөг. Тоймтойгоос нь товч дурдвал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гүтэрэш, Ромын Пап Хутагт Франциск хоёрын айлчлал байна. Энэ хоёр ирээд манай улсыг нэг нь “энх тайвны бэлгэ тэмдэг” нөгөө нь “оюун санаа, шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг” зарлачихаад явсан. Энэ хоёр айлчлал Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд маш сайн өргөж өгсөн. Олон улсын нэр хүнд сайн байна гэдэг өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлэхэд ямар дөхөмтэй болохыг та бүхэн мэдэж байгаа.

Энэ бүх айлчлалын хажуугаар дурдахгүй бол болохгүй нэг томоохон арга хэмжээ бол Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулсан явдал юм. Над шиг гадаад харилцааны эмэгтэй сайдтай улсууд дэлхийд олон байдаг. Тэр эмэгтэй сайд нарыг Ази тивд анх удаа Монголд цуглуулсан явдал дахиад нөгөө манай олон улсын нэр хүндийг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болсон.

Прагматик гадаад бодлого гэдэг нь Монгол улсын гадаад харилцааны ололт амжилтын үр шимийг өрх бүр, хүн бүр хүртэх ёстой гэсэн үг.

Хоёр. Гадаад харилцааг эдийн засагжуулах гэдэг нэг үгийг бараг хүн болгон яриад ГХЯ энэ ажлаа хэр сайн хийж байна гэж асуугаад байгаа харагддаг. Эдийн засагжуулна гэж чухам ямар утгатай үг вэ? Аж ахуйн тооцоонд орно гэсэн үг үү?

Аль ч улсын ГХЯ улс төрийн харилцаагаа эдийн засгийн агуулгаар баталгаажуулах бодлого баримталдаг. Зарим улсын, тухайлбал Сингапурын ГХЯ улс төрийн харилцаа гэхээсээ илүү худалдаа эдийн засгийн харилцааг голчон анхаардаг, улс төрийн агуулгатай ямар нэгэн мэдэгдэл хийдэггүй. Манай геополитикийн орчин Сингапураас өөр, эдийн засгийн харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалт, тэр ч бүү хэл соёл, хүмүүнлигийн харилцаа хүртэл улс төрийн харилцаа, итгэлцэл дээр тулгуурладаг.

Тийм болохоор би “гадаад харилцааг эдийн засагжуулах” гэдэг нэртомъёог тэр болгон хэрэглээд байдаггүй, гадаад харилцааны эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилтыг “прагматик гадаад бодлого” гэсэн нь илүү тохиромжтой санагддаг. Дэлхийн улс төрийн чиг хандлагатай уялдуулан хийж байгаа гадаад улс орнуудын дипломат албаны шинэчлэлт ч яг ийм прагматик чиглэлд хийгдэж байна.

ГХЯ гадаад худалдаа хийх, гадаадын хөрөнгө татах нөхцлийг бүрдүүлдэг. Ингэхийн тулд хоёр талын болон олон улсын гэрээ хэлэлцээрүүд байгуулдаг.

Тухайлбал Европын Холбооны хөнгөлөлтийн ерөнхий систем буюу GSP+ төсөл байна. Үүнд хамрагдсанаар Европын зах зээлд Монгол Улс 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татваргүй нийлүүлэх боломжийг бүрдүүлсэн. Бид ийм олон төрлийн бараа үйлдвэрлэж чаддаггүй учраас зөвхөн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон оёмол, сүлжмэл бараа бүтээгдэхүүн гаргаж байна.

АНУ-ын Конгресийн зарим гишүүд Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийн төслийг санаачилж өргөн барьсан. Энэ бол зөвхөн манайд зориулсан хууль, хэрэв батлагдвал Монгол Улсын гарал үүсэлтэй оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг америкийн зах зээлд татваргүй экспортлох боломж бүрдэнэ.

Манай элчин сайд нарын нэг зовлон байдаг, суугаа орныхоо бизнес, худалдааны байгууллагуудтай өчнөөн сайхан харилцаа тогтоогоод, тодорхой салбарт хөрөнгө оруулах, худалдаа арилжаа хийх санал боловсруулаад салбарын яам, агентлаг руу нь явуулахаар манай тал таг чиг болчихдог, хариу өгдөггүй. Манай яам, агентлагуудын уялдаа холбоо муу учраас ГХЯ бизнесийн боломжит түншийн өмнө эвгүй байдалд орох явдал зөндөөн гардаг.

Хөрөнгө оруулагч нарыг аваад ирэхээр манайд бэлэн төслүүд байдаггүй. Байгаа төслүүд нь шаардлага хангадаггүй. Хөрөнгө оруулалтын хууль эрхзүйн орчин нь тийм ч таатай бус. Дээр нь манайд гадагш нь олноор нь нийлүүлэх бараа бүтээгдхүүн цөөн. Бид гадаад худалдааг өргөжүүлье гэвэл үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд ГХЯ гадаад худалдааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр маш олон улстай яриа хэлэлцээ байгуулсан, бараа таваар нь, бэлэн төслүүд нь байвал эдийн засгаа бүх талаар хөгжүүлэх гадаад орчныг бүрэн бүрдүүлсэн.

Өнөөдөр Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоосон, олон талт 306, хоёр талын 1343 гэрээ хэлэлцээр байгуулсан, олон улсын ээдрээтэй нөхцөлд харилцааны тэнцвэртэй байдлаа харьцангуй сайн хадгалж чадсан, прагматик гадаад бодлоготой улс гэж үнэлэгдэх хэмжээнд хүрсэн.

Гурав. Гадаад хэргийн сайд нар ийм олноороо жил дараалан Монголд ирж байсан тохиолдол ховор байх. Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл онцгой анхаарал хандуулах шиг болсон. Ер нь гадаад хэргийн сайд нар айлчлалаараа юу шийддэг юм бэ? 2022 онд тухайлбал, Японы Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса, Польшийн Гадаад хэргийн сайд Збигнев Рау, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Пак Жин нар Монголд айлчлаад юу шийдсэн бэ?

Маш тодорхой асуултууд байна. Японтой стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Монгол, Японы тусгай стратегийн түншлэл байгуулж 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр баталсан. Польштой олон улсын автотээвэр, геологи, мал эмнэлэг, түүх архивын чиглэлээр хамтын ажиллагааны баримт бичгүүд байгуулж Польш Улс Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээхээр шийдвэрлэсэн. Хоёр талын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн Өмнөд Солонгостой хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдийн нөөцийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах, Монгол Улсад газрын ховор металлын хамтарсан судалгааны төв байгуулахаар тохиролцсон. Энэ бол олон салбарыг хамарсан өргөн далайцтай томоохон ажлуудын эхлэл.

Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг 2023 онд Улаанбаатар хотод зохион байгуулсан, Германы Гадаад хэргийн сайд Анналэна Бэрбок, Францын Гадаад хэргийн сайд Катрин Колонна, Индонезийн Гадаад хэргийн сайд Рэтно Марсуди, Лихтэнштайны Гадаад хэргийн сайд  Доминик Хаслэр, Өмнөд Африкийн Олон улсын харилцааны сайд Налэди Пандор нар оролцсон нь Монгол Улсын гадаад бодлогын чиг баримжааг дэлхий дахинд таниулах, олон улсын нэр хүндийг өсгөхөд чухал ач холбогдолтой болсон. Энэ уулзалтаас хойш Монгол Улсыг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эрдэмтэн судлаачдын хүрээнд “хүүхэд эмэгтэйчүүдэд түлхүү хандсан феминист чиг баримжаатай прагматик гадаад бодлоготой улс” хэмээн тодорхойлж байгаа.

Гадаад хэргийн сайд нарын эрх мэдлийн хэмжээг хөндсөн асуулт их сонирхолтой байна. Ихэнх айлчлалын хэлэлцэх асуудлыг хоёр талын шугамаар урьдчилан ярьж тохирсон байдаг. Гэхдээ яриа хэлэлцээний явцад тодорхой асуудлууд гаргаж ирээд газар дээр нь шийдэх тохиолдол байдаг. Тухайлбал өнгөрсөн 4 дүгээр сард Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Кэмэрон манай улсад айлчилсан. Бид хоёр 2023 онд батлагдсан Боловсролын ерөнхий хуулиар сурагчдын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байхаар хуульчилсан тухай ярилцаж байгаад англи хэлний багш нарыг бэлтгэх, давтан сургах асуудлыг хөндөж, Дэвид Кэмэрон сайд манай англи хэлний хөтөлбөрийг дэмжиж гурван жилийн хугацаанд 10 сая фунт буюу 42.2 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ гэж тохирсон.

Би хөдөө орон нутгийн сургуулиудад англи хэлний сургалтын чанарыг сайжруулах, хот, хөдөөгийн боловсролын ялгааг арилгахад чиглэсэн хүч чармайлтыг гадаад харилцааны сайдын онцгой анхаарах асуудал гэж үздэг. Айлчлал болгоны үеэр энэ сэдвийг хөндөж хөдөөгийн багш нарыг давтан сургах асуудлыг гадаад харилцааны сайдын тусгайлан хөндөх сэдэв болгож ярианы тэмдэглэлдээ оруулдаг. Одоо 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн 3-7 дугаар ангийн нийт сурагчдыг англи хэлний хөтөлбөрт хамруулж бага ангийн англи хэлний багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлнэ. Их Британийн гадаад хэргийн сайд энэ хөтөлбөрийг өөрийнхөө багцнаас дэмжихээ илэрхийлсэн. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд АНУ-д айлчлахдаа англи хэлний 1000 багшийг Америкт бэлтгэх сонирхолоо илэхийлсэн. Германд айлчилахдаа эрчим хүч, тээвэр логистик, уул уурхай, мэдээлэл технологи, хот төлөвлөлт, хөдөө аж ахуй, ой модны салбарт 1000 инженер үе шаттай бэлтгэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон. Энэ бүх тохиролцоог ажил хэрэг болгоход ГХЯ онцгой анхаарч ажилладаг.

Дөрөв. Гадаад бодлогын зорилтууд гэдэг үгийг та хэд хэд дурдлаа. Манай улс бүс нутагтаа гадаад бодлогын ямар зорилт тавьдаг юм бэ?

Манай улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлоготой улс. Тийм болохоор зөвхөн бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад өөрийн хувь нэмрийг оруулах сонирхолтой. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар “Улаанбаатарын яриа хэлэлцээ” гэдэг олон улсын бага хурлыг бид жил болгон зохион байгуулдаг. Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилга манай улсын энхийг эрхэмлэгч, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлэх, дэлхийн болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах зорилготой. Сүүлийн үед бага хуралд Зүүн хойд Азийн орнуудаас гадна Канад, Эстони, Казахстан, Филиппин, Түрк, АНУ, Вьетнам зэрэг 20 гаруй улс, олон улсын 30 орчим байгууллага, судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид оролцдог болсон. Өнгөрсөн жил НҮБ өндөр түвшинд анх удаа оролцсон нь бага хурлын ач холбогдол өсөж байгаагийн илрэл юм. Улаанбаатарын яриа хэлэлцээ хэлэлцэх асуудлын хамрах хүрээ, оролцогчдын төлөөллийн хувьд ялгарах онцлогтой, яриа хэлэлцээг мухардмал байдалд орохоос сэргийлж албан бус нөхцөлд илэн далангүй санал бодлоо илэрхийлэх боломжийг бүрдүүлсэн, хэлэлцүүлгийг албан ёсны төлөөлөгчдийн 1 дүгээр суваг болон эрдэмтэн судлаачдын түвшний 2 дугаар сувгийг хослуулан 1.5 гэсэн хэлбэрээр явуулдаг.

Дээр нь энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цэргийнхээ тоогоор Монгол Улс хамгийн дээгүүр байр эзэлдэг орнуудын нэг болсон. Өнгөрсөн хугацаанд 900 гаруй эмэгтэй цэргийн албан хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцож энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад хувь нэмэр оруулсан. Эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор Монгол Улс өнөөдөр дэлхийд 17-р байранд бичигдэж Зүүн хойд болон Төв Азид тэргүүлж байна.

Тав. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эрдэмтэн судлаачдын хүрээнд манай улсыг феминист чиг баримжаатай гадаад бодлоготой улс гэж тодорхойлох болсон. Манай улс тэгэхээр феминист гадаад бодлоготой улсуудын тоонд албан ёсоор орчихсон хэрэг үү?

Феминист буюу эмэгтэйчүүдэд чиглэсэн гадаад бодлогыг баримталдаг улс орнууд охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эмэгтэйчүүдэд эрх мэдэл олгох, хүйсийн тэгш байдлыг баталгаажуулах зэрэг хүний жам ёсны эрхийн язгуур зарчмуудад гол анхаарлаа төвлөрүүлдэг. Үндсэндээ бол хүн болгон хүйсээс хамааралгүйгээр тэгш эрх, эрх чөлөө, боломж нөхцлөөр хангагдах ёстой гэсэн суурь үнэт зүйлд тулгуурладаг үзэл санаа.

Гадаад бодлогын үзэл баримтлалдаа бид хүйстэй хамааралтай тусгай заалт оруулаагүй, мөн феминист гадаад бодлого баримтлана гэж албан ёсоор зарлаагүй боловч эмэгтэйчүүдэд чиглэсэн бодлогыг гадаад харилцаандаа тасралтгүй үргэлжлүүлж хүйс хоорондын зааг ялгааг арилгахад чиглэсэн үйл ажиллагааг тогтмол дэмждэг. Хүйсийн тэгш харьцааг хадгалах, охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад чиглэсэн олон улсын санаачлагыг тууштай дэмждэг. Монгол Улс саяхан НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага, Эмэгтэйчүүдийн байр суурийн асуудлаарх комиссийн удирдах бүрэлдхүүнд орж энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийг оролцуулах болсныг эмэгтэйчүүдэд чиглэсэн гадаад бодлогын илрэл гэж үздэг. Дээр нь Монгол Улс хоёр жил тутам өргөн барьдаг “Хөдөө орон нутгийн охид эмэгтэйчүүдийн нөхцлийг сайжруулах” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар 1997 оноос хойш баталж байгаа.

Монгол Улс НҮБ-д элссэн цагаасаа эхлэн хүйсийн тэгш харьцааг тэнцвэртэй хадгалах, эмэгтэйчүүдэд эрх мэдэл олгох олон улсын санаачилгыг тууштай дэмжиж ирсэн. НҮБ-ын хүрээнд Монгол Улсад зохион байгуулсан анхны арга хэмжээний нэг нь нийгэм дэх эмэгтэйчүүдийн үүрэг роль сэдэвтэй олон улсын семинар байлаа. Монгол Улсын эмэгтэй дипломатчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн нийгэм эдийн засгийн хөгжил, хүний эрхийн асуудлыг хариуцсан 2 болон 3-р хороонд сонгогдож байлаа. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийг 2016-2018 онд даргалж байхдаа Монгол Улс хүйсийн тэгш харьцаа, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах асуудлыг тэргүүлэх чиглэл болгож байлаа.

Жил болгон 9-р сард Нью Йорк хотод болдог НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр гадаад хэргийн эмэгтэй сайд нарын албан бус уулзалт болдог. Монгол Улс феминист гадаад бодлогын бүлэгт 2022 онд нэгдсэн. Бүлгийн гишүүн орнууд гадаад бодлого, олон улсын хамтын ажиллагаанд хүйсийн тэгш харьцаанд суурилсан хандлагыг нэвтрүүлж шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийг оролцуулах үүрэг хүлээдэг.

Хүний эрх, хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдэд эрх мэдэл олгох, төрийн бодлого, үйл ажиллагаанд хүйсийн төлөв байдлыг харгалзах явдал монгол төрийн бодлогын амин чухал чиглэл. Сүүлийн үед бид дипломат албаны удирдлага болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийг түлхүү оролцуулах болсон, цаашид ч энэ хандлагыг нэмэгдүүлэх болно. Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн тоог 2027 он гэхэд 15 хувь болгож нэмэгдүүлэх шийдвэртээ Монгол Улс тууштай байгаа. Тэгэхээр Монгол Улс охид, эмэгтэйчүүдэд чиглэсэн гадаад бодлого баримталдаг гэж хэлж болно.

 

Зургаа. Дэлхий нийтэд тулгарсан сорилтуудыг даван туулахад тэгвэл феминист чиг баримтаатай гадаад бодлого ямар хувь оруулах вэ?

Эмэгтэй удирдагчид нийгмийн харилцааны бүх салбарт эерэг үр нөлөө үзүүлдэг гэсэн хөдөлшгүй баримт байдаг. Маккинзэйн дэлхийн хүрээлэнгийн 2015 онд хийсэн судалгаагаар хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүд тэгш харьцаатайгаар оролцвол дотоодын нийт бүтээгдхүүн дэлхийн хэмжээнд 26 хувиар өснө гэсэн дүгнэлт гарсан, мөнгөн дүнгээр энэ нь 28 триллион ам.доллар юм байна. Дэлхийн Банк мөн шийдвэр гаргах бүх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 2 хувиар өсгөхөд авилга 8 хувиар буурна гэсэн судалгаа гаргасан байсан.

Зарим судлаач төрийн захиргааны удирдлагад эмэгтэйчүүдийг түлхүү оролцуулбал маргааныг эв зүйгээр зохицуулах хандлага нэмэгддэг гэж үздэг. Ялангуяа эхний сахиулах үйл явцад эмэгтэйчүүд оролцсоноор энхийн хэлэлцээр байгуулж урт хугацаанд мөрдөн хэрэгжүүлэх магадлал ихэсдэг зүй тогтол байна.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх 1325-р тогтоол батлагдсанаас хойш олон дэвшил гарсан боловч энхийг сахиулах үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй хэвээр байна. 1992-2019 оны хооронд хийгдсэн албан ёсны энхийн хэлэлцээрт сөргөлдөгч талуудыг төлөөлсөн эмэгтэйчүүд 13 хувь байдаг бол эмэгтэй зуучлагч нар 6 хувь байсан гэсэн судалгаа гарсан. Дэлхий нийтэд тулгарсан сорилтуудыг даван туулж сөргөлдөөнийг яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, удирдлага маш чухал ач холбогдолтой.

Манай үндэсний аюулгүй байдлын өөр нэг тулгуур багана нь олон талт хамтын ажиллагаа. Дэлхий дахины болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад Монгол Улс өөрийн хувь нэмрийг оруулах ёстой, оролцоогоо тогтмол нэмэгдүүлэх ёстой. Манай улс НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагуудын хүч чадлыг нэмэгдүүлэх, нөлөөлөх хүрээг өргөжүүлэхийн төлөө саналаа өгдөг. НҮБ-ын үйл ажиллагаа, түүний энхийн үйлсэд хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг. Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа зарласны 30 жил, энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцуулан энэ жил НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг эх орондоо урьж айлчлуулсан. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга манай цөмийн зэвсэггүй статусын ач холбогдол өнөөдөр улам нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэсэн.

Өнөөдөр дэлхий дахинд өрнөж байгаа үйл явдал манай сүүлийн 30 жил баримталсан гадаад бодлого туйлын зөв, бат нот үндэслэлтэй байсныг харуулж байгааг дээр дурдсан. Тийм болохоор сүүлийн үед манай гадаад бодлогын амин сүнс нь харилцааны тэнцвэртэй харьцааг хадгалах явдал гэж байнга ярьж явдаг болчихоод байгаа. Манай улс нэгэнт сонгосон ардчилалын замаасаа ухрахгүй гэдэг шиг гадаад бодлогын чиг шугаманд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Цаашид аюулгүй байдлын гадаад орчинд нөхцөл байдал хүндэрсэн ч манай улс гадаад бодлогын үндсэн зарчмуудаа тууштай баримталж, улс төрийн харилцааны тэнцвэртэй байдлаа хадгалж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа тэлж, хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөллийг жигд өргөжүүлж, хоёр хөрш болон гуравдагч түнш орнуудтайгаа тэнцвэртэй хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай.

Долоо. Гадаад харилцааны яам оролцохгүй салбар байхгүй гэж та хэлсэн. Улс орны томоохон бүтээн байгуулалтад тэгвэл яаж оролцдог юм бэ?

Гадаад харилцааны яамны ажилтай шууд холбоотой нэг томоохон төсөл бол Орхоны хөндийд Хархорум хотыг шинээр сэргээн байгуулах төлөвлөгөө юм. Их эзэн Чингис Хааны 860 жилийн ойг тохиолдуулан 2023 оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж энэ төслийг эхлүүлсэн. Дараа нь УИХ-ын тогтоол гарсан.

Хөдөө орон нутгаар явж байхад Хархорум хотыг байгуулах төслийг алс холын мөрөөдөл гэж үзэх хандлага нилээд байна. Яг үнэндээ бол Монгол Улсын хөгжлийн баримт бичигт Орхоны хөндийд шинэ суурьшлын бүс байгуулах асуудал тусгагдаад явж байгаа. Нийслэлийг чиглэн ирж байгаа их нүүдлийг зогсоох, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, улс орны хөгжил зөвхөн Улаанбаатарыг түших биш, хөгжлийн таталцлын шинэ төвтэй болох зайлшгүй шаардлага байгаа учраас энэ бол бодит төсөл юм. Эртний түүхт Их Монгол Улсын нийслэл Хархорум цагтаа дэлхийн нийслэл байсан хот. Гэвч өнөөдөр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн хүн амын нутагшил, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот хөдөөгийн тэнцвэрийг хангах, түүх соёл, аялал жуулчлал, төрийн захиргааны томоохон суурьшлын бүсийг бий болгохын тулд шинэ хот байгуулах зайлшгүй шаардлагатай болсон.

Энэ ажлын хүрээнд 2023-2030 онд Хархорум хотыг байгуулах үе шаттай ажлын төлөвлөгөө гарсан байгаа. Засгийн газар Орхоны хөндийд шинэ Хархорум хот байгуулах ажлыг хариуцах Үндэсний хороо байгуулсан, үндэсний хороог Барилга, хот байгуулалтын сайд ахлана, гэвч Гадаад харилцааны яам чиг үүргийнхээ хүрээнд энэ төсөлд тэргүүлэх үүрэгтэй оролцоно, дээр өгүүлсэнээр энэ төсөл хэрэгжих гадаад нөхцлийг нь бүрдүүлэх томоохон үүрэг хүлээх юм.

Яг одоо хийгдэх эхний ажил бол шинэ хот байгуулах газрын байршил хэмжээг тогтоох, хууль тогтоомжийн хүрээнд улсын тусгай хэрэгцээнд авах ажил байгаа. Тэгээд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зам тээвэр, дэд бүтэц, эрчим хүч, инженерийн дэд бүтцийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулна. Энд олон улсын мэргэжлийн байгууллага, үндэсний аж ахуйн нэгжийг татан оролцуулах ажлыг эхний ээлжинд хийх юм. Энэ ажилд зориулж Засгийн газар 50 тэрбум төгрөгийн төсөв баталсан.

Хархорум хотыг Улаанбаатартай холбох дэд бүтцийн шийдлүүд маш чухал байгаа. Гадаад харилцааны яамны хувьд өмнө нь олон улсын түвшинд ярьж, хэлэлцэж ирсэн зүйлсээ сэргээж идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал, ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ-г боловсруулах ажлыг Өмнөд Солонгостой хамтарч эхлүүлэхээр боллоо. Шинэ Хархорум хотод олон улсын зэрэглэлтэй нисэх онгоцны буудал байгуулахад Түрктэй хамтрахаар болж ажлаа эхэлсэн. Мөн хурдны галт тэрэг, дөрвөн эгнээ хагас хурдны авто замыг ч төлөвлөх шаардлага гарч байгаа. 

Хархорумд тулгамдаж байгаа нэг том асуудал нь эрчим хүчний эх үүсвэр. Ойрын бүсэд нүүрсний эх үүсвэр бараг байхгүй. Баянтээгийн уурхай 300 гаруй км зайтай. Баянхонгор, Архангайд нүүрсний орд байхгүй. Хэрэв нүүрсээр цахилгаан станцын асуудлыг шийднэ гэвэл маш холоос татах хэрэг гарна. Тиймээс нар салхины станц, сэргээгдэх эрчим хүчээр хангах судалгаанууд багагүй хийгдсэн.

Ер нь бол шинэ Хархорум хотод Ерөнхийлөгчийн институт, хууль шүүхийн байгууллага, зарим их, дээд сургуулийг шилжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурь түлхүү яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл, шинэ Хархорум бол түүх, соёл, аялал жуулчлал, төрийн захиргаа, боловсролын байгууллага төвлөрсөн эко хот болно гэсэн төсөөлөлтэй байгаа. Ерөнхий дүр зургаар харвал шинэ Хархорум Монгол Улсын дараагийн 50 жилийн хөгжлийн шийдэл байхаас гадна ирээдүйн Монгол Улсын хөгжил цэцэглэлт, оюун санаа, шинжлэх ухаан, соёл, боловсрол, аялал жуулчлал, нийгэм, эдийн засгийн XXI зууны хөгжлийн шинэ төв болох боломжтой гэж үзэж байгаа.

Найм. Гадаад харилцааг эдийн засагжуулах гэхээсээ илүү нөөц бололцоогоо маш тодорхой, прагматик зорилтуудад чиглүүлж ажилласны үр дүнд томоохон сорилтуудыг хохирол багатай даван туулсан тухай та өгүүлсэн. Тэгвэл гадаад харилцааны “нэг цонхны бодлого” гэдэг нь ямар агуулгатай нэртомъёо вэ?

Манай улс харьцангуй прагматик гадаад бодлого явуулсны үр дүнд төр, засгийн удирдлага олон улсын улс төр, үндэсний аюулгүй байдлын гадаад, дотоод орчинд гарсан өөрчлөлт, динамикийг цаг тухайд нь мэдэрч томоохон сорилтуудыг амжилттай даван туулж байна. Нэг цонхны бодлого гэдэг нэртомъёо мэргэжлийн дипломат алба гэхээсээ илүү үйлчилгээний байгууллагад илүү тохирох юм шиг санагддаг болохоор би энэ үгийг нэг их хэрэглээд байдаггүй.

Гадаад бодлогын үзэл баримтлалд “гадаад бодлогын нэгдмэл байдал, залгамж чанарыг хадгална” гэсэн зарчим угаасаа тусгагдсан байгаа. Гадаад бодлогын асуудал дотоод угшилтай. Гадаад харилцаа ярихын тулд дотоод байдал, дотоод зохицуулалт руугаа харах хэрэгтэй гэдэг. Оновчтой, үр дүнтэй гадаад бодлого нь улс орны хөгжил, дэвшлийн хүчирхэг хөшүүрэг болдог. Ингэхдээ гадаад талтай харилцахдаа нэгдмэл байр суурьтай байх ёстой, ер нь гадаад бодлого нэг чиг шугамтай, нэгдсэн зохицуулалттай байх нь хамгийн чухал. Гадна талдаа асуудлаа тавихаасаа өмнө дотооддоо нэгдсэн байр суурьтай байж, аливаа асуудлыг түргэн шуурхай, өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн шийднэ. Энэ зохицуулалтыг хангах гол үүрэг нь Гадаад харилцааны яаманд байдаг хэдий ч төр, засгийн бусад байгууллага, албан тушаалтнуудын дэмжлэг, хамтын ажиллагаагүйгээр хэрэгжүүлэх боломжгүй.

Олон улсын харилцаа хурдацтай өөрчлөгдөж, том гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөн нэмэгдэн, тэдний хоорондын үзэл бодол, байр суурийн зөрүүтэй байдал даамжирч, олон улсын харилцааны шинэ дэг журам, тогтолцоо одоохондоо төлөвшиж чадаагүй байна. Монгол Улс эрх чөлөө, тусгаар тогтнолоо бататгах эрхэм үйлсийг үргэлжлүүлж монгол төрийн алтан аргамжийг бөхлөх зайлшгүй нэг нөхцөл нь гадаад бодлогын нэгдмэл байдал, залгамж чанарыг хадгалах явдал.

 Ес. Геолитикийн сөргөлдөөн, дэлхий нийтийн талцал хуваагдал манай гадаад харилцаанд томоохон сорилт болж байгаа тухай дурдлаа. Цаашдаа энэ нөхцөл байдал яаж өрнөнө гэж та төсөөлж байна вэ? Монгол Улсын гадаад бодлогод сонгууль яаж нөлөөлөх вэ?

Манай улс төрийн болон чиглэлийн газрууд олон улсын улс төрийн нөхцөл байдлын өрнөлт, харилцааны чиг хандлагыг анхааралтай ажигладаг, Монгол Улсын гадаад улс төрийн орчин нөхцөлийн талаарх таамаг төсөөллийг жилээр, улирлаар гаргаж танилцуулдаг. Ингэхдээ энэ жил, энэ улиралд тэгэх төлөвтэй байна, ингэх төлөвтэй байна гэж таамаглахаасаа илүү өрнөлтийг нь дор хаяж 2-3 сценари хувилбараар төсөөлж гаргахыг хичээдэг. Геополитикийн тодорхойгүй нөхцөлд таамаг прогноз дэвшүүлэхдээ ингэсэн нөхцөлд үйл явдал тэгж тэгж өрнөнө, тэгсэн тохиолдолд ийм тийм гольдиролоор үргэлжилнэ гэж хэдэн хэдэн хувилбараар тооцож, хувилбар тус бүрд нь дэс дараатай хариу үйлдлүүд төлөвлөхөөс биш яг ингэнэ, яг тэгэх төлөвтэй байна гэж ганцхан чиг шугамаар багцаалах боломж байхгүй.

Энэ жилийн ерөнхий төлөвийн хувьд гэвэл дэлхийн улс орнуудад 3 тэрбум орчим хүн амыг хамарсан орон нутгийн болон үндэсний сонгуулиуд болж олон улсын улс төрийн ойрын хэдэн жилийн өнгийг тодорхойлно. Ихэнх улс оронд сонгууль нийгэм эдийн засгийн хүнд нөхцөлд, геополитикийн хурцадмал байдалд болж өнгөрнө. Өөрөөр хэлбэл эдгээр сонгуулиар гарч ирэх улс төрийн удирдагчид ойрын 4-6 жилд олон улсын харилцааг тодорхойлох болно.

Манай улсын хувьд энэ удаагийн сонгууль бүсчилсэн тойргоор, холимог хэлбэрээр явагдана. Манай ард иргэд сонгуульдаа идэвхтэй оролцох нь Монгол Улсынхаа гадаад бодлогын чиг баримжааг ч тодорхойлж байгаа хэрэг. Феминист чиг баримжаатай, прагматик хандлагатай, нэгдмэл чанартай гадаад бодлогыг цаашид тогтвортой үргэлжлүүлэхэд ард иргэдийн сонголт маш чухал.

2023 онд Монгол Улсын экспорт 15.2 тэрбум ам.долларт хүрч өмнөх оноос 21 хувиар өссөн, гадаад худалдааны тэнцэл 5.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Гадаад валютын нөөц түүхэндээ анх удаа 5 тэрбум ам.доллар болсон. Тэгэхээр гадаад харилцааны ололт амжилтыг иргэн болгонд хүртээмжтэй болгоход чиглэсэн прагматик гадаад бодлогыг үргэлжлүүлэх нь Монгол Улсын үндэсний ашиг сонирхолд нийцнэ гэж үзэж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
6 сарын өмнө
139.5.219.190

Монголын асуудлыг Москвад биш Бээжинд биш Улаанбаатарт шийднэ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.