Төрийн байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгжид эрх бүхий албан тушаалд томилогдоод түүнийгээ урвуулан ашиглах явдал гарсаар байна. Тэр дундаа цахилгаан эрчим хүчтэй холбоотой төрийн өмчит компаниудад ийм хэрэг нэг бус удаа гарчээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хамгийн сүүлд “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн эрх бүхий албан тушаалтныг шалгаж дуусжээ. Тус компанийн Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Д.Гэрэлчулууныг албан тушаалаа ашиглаж, санхүүгийн хуурамч баримт бүрдүүлэн их хэмжээний мөнгө завшиж, түүгээрээ хүүхдийнхээ нэр дээрх орон сууцын төлбөрт өгсөн хэрэгт буруутгасан байна. Тэрбээр нэгэн иргэнээс цахилгаан эрчим хүчний тоноглол цөөнгүй тоогоор авсныгаа “Дорнын нягт хийц” ХХК-иас авсан мэтээр санхүүгийн баримтдаа тусгасан гэнэ. Улмаар ТӨХК-иас шилжүүлж авсан мөнгөөрөө Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт барьж буй орон сууцын захиалгын төлбөрт шилжүүлсэн хэмээн яллагдагчаар тооцсон аж.
Эл хэргээс гадна “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Налайх түгээх төвийн дарга асан Г.Баттөмөрт холбогдох хэргийг ч шалгаж дуусжээ. Тэрбээр уг албан тушаалд 2018-2022 оны хооронд ажиллахдаа төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан хэмээн буруутгагдсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.