Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны зургаадугаар сарын 1-4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийлээ.
Хоёр улсын төрийн тэргүүн нар өнөөдөр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтыг даван туулах хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг бэлгэдэж "Монгол соёлын парк" цогцолборт дурсгалын мод тарив.
Ерөнхийлөгч А.Г.Лукашенко мөн “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар”-т зочлох үеэрээ нүүдэлчин ахуй, зан заншлын талаар танилцан, морьт харваа, ардын урлагийн тоглолтын дээжээс толилуулсан бэсрэг наадам үзэж сонирхсон юм.
Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай улсад айлчилсан Беларусийн төрийн тэргүүнд хос морь бэлэглэсэн байна. Харин Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенко хоёр өөр загварын "Беларусь" тракторыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бэлэглэсэн тухай BELTA агентлаг мэдээлжээ.
Сонирхуулахад Беларусь тракторын нэг нь 80 морины хүчтэй, харин нөгөөх нь 200 морины хүчтэй юм байна.
Ийнхүү өнөөдөр түүний айлчлал өндөрлөсөн юм.
БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког "Чингис хаан" олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник болон албаны бусад төлөөлөгч үдэн мордууллаа гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.