СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хахуулийн хэрэгт холбогдсон Газрын албаныханд яллах дүгнэлт үйлдүүлнэ

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
5 сарын өмнө

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны I хэсгийн эрх бүхий албан тушаалтнууд болох Д.Отгонбаяр, Ц.Отгонбямба, II хэсгийн газар зохион байгуулагч О.Сайнбаяр нарыг бусдаас хясан боогдуулах замаар их хэмжээний хахууль авсан гэх хэрэгт яллагдагчаар татан 2023 оны өвлөөс АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлж байв.

Тэд тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь Гачуурт, Шар хоолой, Улиастайн аманд гэр, орон сууцын зориулалттай 0.07 га газар хүссэн иргэдийн өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэлгүй дарагдуулж, хүсэлт гаргаагүй хүмүүсийн нэр дээр олгож байсан гэх хэрэгт холбогдсон юм. Эл хэргээс О.Сайнбаяр болон чиглүүлэгч Э.Цэнгэлмаа тэргүүтэй есөн хүнд холбогдох хэргийг тусгаарлан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Гэвч нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж, Дээд шүүх хүртэл гомдол, эсэргүүцэл бичсэнээр хэрэг эцэслэн шийдвэрлэгдэлгүй, дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болоод байна.

Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн дээрх хэргээс тусгаарлан шалгах болсон Ц.Отгонбямба нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлээ. Гэхдээ эл үйлдэлд нь мөнөөх О.Сайнбаяр бас холбоотой аж. Тэд иргэн А.Отгонбаатар, Г.Нямбаяр нараас тавьсан “20 айлын газрыг нэгийг нь гурван сая төгрөгөөр тооцон захирамж гаргуулъя” гэсэн саналын дагуу урьдчилан тохиролцож, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь Арцатын аманд их хэмжээний газар олгуулахын тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан хэрэгт холбогдсон юм.

Уг нь хууль, журмын дагуу бол иргэдээс гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэж, хариуг нь өгөх хуультай. Гэтэл Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны I, II хэсгийнхэн хуульд заасан хугацаанд шийдвэрлэлгүй, маш олон өргөдөл, хүсэлтийг дарагдуулдаг атлаа танил талынхаа хүсэлтийг удахгүй шийдвэрлэж байсан хэмээн эх сурвалжууд өгүүлж байсан юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
5 сарын өмнө
202.9.41.30

Үнэн2

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.