Дейв Алперсон 1997 онд Аmаzon агуулах дэлгүүрт цагийн ажилтнаар ажиллаж байхдаа хэрэглэгчдийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг агуулахаас олохын тулд ийш тийш алхаж хайдаг байжээ. Тэрээр 20 жилийн дараа АНУ-ын Индиана муж дахь Аmazon дэлгүүрийн бүс нутаг хариуцсан захирлын албан тушаалыг хашиж анх ажиллаж байсан шигээ 18 агуулах дэлгүүрийг хариуцаж байна.
Дэлхийн хамгийн шилдэг цахим дэлгүүр сая сая бараа бүтээгдэхүүнийг 149 агуулах газраас өдөр бүр дэлхийн өнцөг булан бүрт түгээж байна. Уг нарийн түвэгтэй тогтолцоог бүрдүүлэхийн тулд Amazon үйлчлүүлэгчийн ая тух, агуулахын бүтээмжтэй байдлыг шинээр тодорхойлох хэрэгтэй болжээ.
Amazon цахим сүлжээний үндсэн гишүүнчлэлийн эрхтэй хэдэн арван сая хэрэглэгчид 100 сая гаруй бараа бүтээгдэхүүнийг 2 хоногийн хугацаанд үнэгүй тээврээр хүлээж авч байна. Өнгөрсөн жил Amazon-ын гишүүдэд 5 тэрбум эд зүйл хүргэсэн гэх тоо баримт байна. 2012 онд тус компани 775 сая доллараар Кива Систем роботын компанийг өөрийн болгож 2014 оноос хойш 100,000 гаруй робот машиныг агуулах дэлгүүрүүддээ ашиглаж эхэлсэн байна.
Amazon-ы амжилттай ажиллаж байгаагийн гол нууц нь агуулахуудад ажиллуулдаг өөрөө хөдөлдөг робот, сайтар тосолсон машин зэрэг олны анхаарлыг татсан технологийн дэвшил биш байсан юм. Энэ бол агуулахад эмх замбараагүй байдлыг зохион байгуулах явдал байлаа.
Уламжлалт зохион байгуулалттай агуулахад хайрцагтаа 50 ширхэгтэй шүдний оо ирвэл ажилчид оонд зориулсан тавиурыг хайж тэнд аваачна. Харин Amazon-ы агуулахад шүдний оо ирвэл огт өөр зарчмаар ажиллана. Ажилчид бүтээгдэхүүнийг хайцргаас гаргаж тус тусад нь салгаж хаана зай байна тэнд тавьдаг. Ерөнхийдөө замбараагүй байрлалтай гэсэн үг. Тэд хаашаа тээвэрлэгдэх, овор хэмжээ зэргээр зохион байгуулагддаггүй. Мөн үйлчлүүлэгчдийн захиалгын төрлөөр ч зохион байгуулалтад ордоггүй. Тухайлбал, ирланд өглөөний цайны хажууд хаа хамаагүй тоглоом өрөөтэй байх гэхчлэн. Хайрцагт байгаа 50 ширхэг шүдний оо эцсийн дүнд 50 өөр газарт хүргэгдэнэ.
Дэлхийн хамгийн алдартай цахим худалдааны сүлжээ 24 жилийн түүхийнхээ ихэнхэд эмх замбараагүй мэт харагдах энэ тогтолцоог баримталжээ. Энгийн ажиглагчийн нүдээр харахад үнэхээр эмх замбараагүй байна. Гэвч эмх замбараагүй байдал нь худалдан авагчдын захиалгыг түргэн шуурхай хүргэхэд тустай ажээ. Юун түрүүнд энд тэндгүй байрлуулан тавьсан шүдний оог олоход илүү богино хугацаа зарцуулна.
Хэрэв шүдний оог нэг газар хураачихсан байвал авахын тулд заавал тэр хэсэг рүү явж хугацаа алдна. Магадгүй 3 метр, 10 метр зайтай ч байж болно. Харин хайрцагнаас нь задалж 50 өөр хэсэгт тавьсан оог илүү ойроос богино хугацаанд олж авах боломжтой юм.
Эх сурвалж: /www.qz.com/