Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд хуралдаж, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нээж, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасны дагуу хуралдааны ирц, хэлэлцэж буй асуудалд холбогдох Ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон хэлэлцэх асуудлын товыг танилцуулав.
Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл нь виртуал бүс буюу цахим орчинд мэдээллийн технологийн компаниуд тодорхой шалгуур давж, бүртгүүлэх, бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага татварын болон татварын бус дэмжлэгтэйгээр зах зээлд гарах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.
Энэхүү хууль батлагдсанаар мэдээллийн технологийн компаниудыг E-Mongolia-д нэгдсэн байдлаар бүртгэнэ. Ингэхдээ хувийн хэвшлийн төлөөлөл бүхий мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн зөвлөл ажиллаж, шалгуур хангасан, эсэхээс хамаарч тухайн бүсэд бүртгэнэ. Бүртгүүлсэн компаниудад татварын болон бусад дэмжлэг үзүүлэх талаар төсөлд тусгасан. Татварын хөнгөлөлт, дэмжлэгийг Сангийн яамны шалгуураар илүү тодотгож өгөх шаардлагатай гэсэн саналыг Ажлын хэсэг ирүүлжээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт зарчмын зөрүүтэй санал гаргах эрх зүйн орчин байхгүй тул Төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулж, ирэх оны төсвийг хэлэлцэх үед тэдгээр шалгуурыг тодорхой тусгаж өгөх боломжтой гэв. Мөн мэдээллийн технологийн виртуал бүсийн Орон тооны бус зөвлөл, бүсэд тавигдах шаардлага, ажиллах журмыг гүйцэтгэх засаглал тодорхойлно. Шалгуур, босгыг тодорхой тавих бололцоотой гэж Цахим хөгжил, харилцаа холбооны сайд танилцууллаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн дэх Сангийн яамны төлөөлөл нэмэлт тайлбарлахдаа, цахим орчинд мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус олон дэмжлэг үзүүлэх талаар хуулийн төсөлд тусгасан. Гэвч хуулийн энэ заалттай холбоотой том эрсдэл үүсэж байгаа. Томоохон компаниуд татварын өмнөх ашгаа виртуал бүс дэх аж ахуй нэгжүүд рүү хандив нэрээр шилжүүлж, татвараас зайлсхийх “цоорхой” үүсэх, цаашлаад Европын холбооны “хар, саарал” жагсаалтад орох эрсдэлтэй тул өмнөх жишгийн дагуу тодорхой хэмжээгээр хязгаарлах нь зүйтэй гэсэн санал гаргасан хэмээв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар, Ж.Чинбүрэн нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Ийнхүү Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцээд, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулахаар болсноор хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.