Барилдах эрхээ дөрвөн жилээр хасуулсан Улсын харцага Т.Бэгзсүрэнгийн нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нарт холбогдох маргааныг Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитр өчигдөр хэлэлцэж, шийдвэрээ танилцуулжээ.
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой буюу 2022 оны Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зодоглосон 64 бөхөөс допингийн шинжилгээ авахад Завхан аймгийн Отгон сумын харъяат “Даян” дэвжээний бөх, улсын харцага Т.Бэгзсүрэнгийн А сорьцоос допинг илэрсэн байдаг.
Тэрээр, допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэрхүү шалтгаанаа тохойндоо хүнд бэртэл авсан, гуяны булчингийн уут задарсан учраас тэгш ойн баяр наадмаар барилдахын тулд хүчтэй эм бэлдмэл хэрэглэж, эмчилгээ хийлгэсэн, санаатай хэрэглээгүй хэмээн тайлбар хийсэн байдаг. Гэвч Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/ Улсын харцага Т.Бэгзсүрэнгийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан юм.
Иймд барилдах эрхийг нь дөрвөн жилээр хассан МҮБХ-ны шийдвэрийг Т.Бэгзсүрэн эсэргүүцэж, Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрт хандсан билээ.
Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрт Улсын харцага Т.Бэгзсүрэнгийн хүсэлтийг хэлэлцэж, түүний барилдах эрхийг энэ оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөр сэргээх шийдвэр гаргажээ.
Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитр шийдвэртээ "Нэгдүгээрт, өргөдөл гаргагч Т.Бэгзсүрэнг допинг хэрэглэсэн болохыг тогтоосугай. Хоёрдугаарт, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын дүрмийн дагуу эрх хасах хугацааг хоёр жилээр тогтоосугай.
Улсын харцага Т.Бэгзсүрэн допинг хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрж, допингийн эсрэг үйл ажиллагаанд бодит дэмжлэг, туслалцаа үзүүлсэн, шинжилгээ хийлгэсэн, допингийг санаатай хэрэглээгүй болох нь тогтоогдсон, эмчлүүлсэн баримт, гэрчийн мэдүүлэг нь зөрүүгүй учраас допингийг санаатайгаар хэрэглээгүй нь тогтоогдож байна. Иймээс эрх хасах хугацааг хоёр жилээр тогтоосугай” гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.