“Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар малчид мэдээлэл хийлээ.
Малчдын төлөөлөл:
-Өнгөрсөн өвөл зуд болж, олон мянган мал хорогдсон хүнд үеийг малчид тууллаа. Монгол Улсын Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эхлүүлсэн. Малчид хүнд нөхцөл байдлыг даван гарахын тулд хамтын хоршоо байгуулж, өрх амьжиргаагаа дээшлүүлэх зорилготой. Гэтэл сүүлийн үед уг хөдөлгөөнийг улс төржүүлж, малчид мэдлэг боловсрол муутай тул хөдөлгөөнийг авч явж чадахгүй гэх зэргээр ярих боллоо. Тухайлбал АН-аас "Өнөөдрийн зээл маргаашийн өр" гэх мэт захиалгат мэдээллийг улс төрийн зорилгоор явуулж, Шинэ хоршоо хөдөлгөөнийг харлуулж байна.
Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин н.Гомбо-Очир:
-Ардын хувьсгалын жилүүдээс хойш 100 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд олон төр засгийн нүүр үзсэн боловч малчдын тухай ийм том бодлого гаргасан удаагүй. Одоогийн “Шинэ хоршоо” хөдөлгөөн хөдөө аж ахуйн салбар, бэлчээрийн мал аж ахуйн хувьд хувьсгал боллоо гэж үзэж байна. Үндсэн хуульд “Мал бол үндэсний баялаг мөн. Төрийн хамгаалалтад байна” гэж байдаг. Энэ бол зүгээр үг биш. Үүний дагуу төр засгаас малчдад итгэж, малчид бие биедээ итгэж амьдрахгүй бол болохгүй цаг хугацаа. Жалгын ганц байгаад зудад нэрвэгдвэл хоосон хоцрох юм байна гэдэг бодит жишээнд үндэслэн ийм том бодлого гаргасан.
Шинэ хоршооны гишүүд хамгийн бага хувийн хүүтэй зээл авснаараа хашаа саравч, худгаа сайжруулж, олон наст ургамал тэжээл тарьж бэлтгэх гэх зэрэг үр дүнтэй. Өөрөө хэлбэл малчид 24 хувийн хүүтэй зээл авдаг байсан бол 6 хувийн хүүтэй зээл авна. Энэ бол маш том боломж.
Нам эвслүүд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг улс төржүүлэхээ болих хэрэгтэй. Малчдыг дэмжсэн бодлого шийдвэрийг аль ч нам бай олон талаас нь дэмжих хэрэгтэй гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.