Өчигдөр /2024.05.21/ Лондон-Сингапур чиглэлд нисэж явсан Singapore Airlines компанийн онгоц "аймшигтай уналт" хийж, зорчигчид энд тэнд шидэгдсэн бөгөөд үүний улмаас нэг зорчигч амь насаа алдсан хэрэг гарчээ.
Нислэг дуусахаас гурван цаг орчмын хугацаа үлдээд байхад энэхүү үйл явдал болсон бөгөөд тус онгоцонд зорчиж явсан Малайзын оюутан Дзафран Азмир "Боинг онгоц гэнэт дээшээ хазайж, чичирч эхэлсэн. Би биеэ бэлдэж, хамгаалах бүсээ зүүсэн эсэхээ шалгасан. Бусад зорчигчдын ихэнх нь бүсээ зүүгээгүй байсан. Онгоцны ахмадын зүгээс бидэнд анхааруулга өгөөгүй" хэмээн Ройтерс агентлагт ярьжээ.
Онгоц агаарын цохилтод орж огцом уналт болоход бүс зүүгээгүй зорчигчид тааз руу шидэгдэж, зарим хүмүүс ачаа тээшний бүхээгт толгойгоо цохиж, хонхойлгож, гэрэл, маск байрлуулсан газруудыг мөргөж, эвдэлцгээсэн аж. Тайландын нийслэл Бангкокт ослын буулт хийсний дараа бэртсэн зорчигчдод эмнэлгийн тусламж үзүүлжээ.
Энэхүү үйл явдлын улмаас Сингапурын агаарын тээврийн "SQ 321" нислэгт үймээн самуун болж, нэг хүн нас барж, 71 хүн бэртсэн байна. Үүнээс зургаагийн биеийн байдал хүнд байгаа аж. Онгоцонд 211 зорчигч, нисэх багийн 18 гишүүн зорчиж явжээ.
Онгоцны босоо тэнхлэгийн хурд буюу онгоц өгсөх эсвэл буух хурд нь минутанд 1,664 фут хүртэл хурдацтай өсч, гурван секундын дотор минутанд -1,536 фут болж буурчээ.
Амиа алдсан зорчигч нь Их Британийн 73 настай иргэн Жофф Кичен байсан бөгөөд түүний үхлийн шалтгааныг “Урьдчилсан шалгалтаар талийгаач зүрхний өвчтэй байсныг тогтоосон” гэж Бангкокын олон улсын нисэх буудлын ерөнхий менежэр Киттипонг Киттикачорн сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.