Нийслэлийн Замын хөгжлийн газраас Улаанбаатар хотын 17 байршилд авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа.
Зассан замд авто тээврийн хэрэгслээр, ачаа тээвэрлэж яваа жолооч нар ачааг битүүмжлээгүйн улмаас авто замд хайрга, чулуу, шороо асгарч улмаар авто замын эвдрэл гэмтлийг нэмэгдүүлж, зам тээврийн осол гарах эрсдэлийг үүсгэж байна.
Тухайлбал өнгөрсөн амралтын өдрдүүдэд Хан-Уул дүүрэг Зайсангийн 4 замын уулзвараас зүүн тийш “Буган Халиун” рестораны уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэн ашиглалтад оруулсан. Уг замаар ачаа тээвэрлэж явсан жолооч нар ачаагаа битүүмжлээгүйн улмаас чулуу, шороо асгаж хучилтыг эвдсэн.
Тээврийн цагдаагийн албанаас ачаа тээвэрлэх дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцож байна. Замын хөдөлгөөний дүрмийн 24 дүгээр зүйлд ачаа тээвэрлэж яваа жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо ачааны татлага, бэхэлгээ, даруулга, байрлал, битүүмжлэлийг сайтар шалгаж хөдөлгөөнд оролцох бөгөөд шаардлага бүрэн хангагдаагүй тохиолдолд хөдөлгөөнийг үргэлжлүүлэхийг хориглоно гэж заасан. Тиймээс жолооч та бүхэн ачаа тээврийн битүүмжлэлээ шалгаж замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.