СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Архангайн дарга нарын хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлнэ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
6 сарын өмнө

Архангай аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын хорооны дарга асан, өдгөө ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга байсан Б.Өсөхбаяр, ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүх нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцээд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр боллоо.

НПГ-ын хяналтын прокурор Э.Халиун, Г.Эрдэмбаатар нар эл гурван яллагдагчийн хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, хавтаст хэргийн бүрдэл хангагдсан гэж үзэн дээрх шүүхэд эсэргүүцэл бичсэнийг шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй гэж үзээд анхан шатны шүүхэд буцаав.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эл хэргийг шийдвэрлэж чадахгүй удаа дараа буцаасан бөгөөд хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сарын 11-нд прокурорын хяналтад буцаах захирамжийг шүүгч Д.Алтанжигүүр гаргаж байсан юм. Үүнээс өмнө 2020 онд уг хэргийг хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр НПГ-т буцаах захирамж мөнөөх шүүгч баталж байсан билээ.

Архангай аймгийн ИТХ-ын дарга асан Б.Өсөхбаяр 2018 оны дөрөвдүгээр сарын 18-нд ИТХ нь хуралдаагүй байхад “Газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудал хэлэлцсэн” хэмээн хуурамч тогтоол гаргаж, улмаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нь хурал болоогүй гэдгийг мэдсээр байж дөрөвдүгээр сарын 19-нд уг тогтоолыг АМГТГ-т хүргүүлж, Цэнхэр сумын нутаг, Шоронгийн ам гэх газарт 4.75 га газрыг бичил уурхайгаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гаргуулсан байдаг. Тэр дүгнэлтэд үндэслэн “Тунгалаг Тамир ар” гэх нөхөрлөлтэй таван жилийн хугацаанд бичил уурхайгаар ашиглах гэрээ байгуулсан юм. НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” хэмээн 2019 онд яллагдагчаар татсан.

Үүнээс гадна Засаг дарга асан, ИТХ-ын төлөөлөгч Ц.Мөнхнасан ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан билээ. Эл хэрэгтэй хамт Т.Батсүхийн албан тушаалаа урвуулан ашиглаж, хүрээлэнгийнхээ төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэх хэргийг ч хамтатган шийдвэрлэх болоод буй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.