СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Сөүл” рестораны эзэмшлийн газраа хэтрүүлэн хашаалсан зөрчлийг арилгуулна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 сарын өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн баасан гарагт хүүхдийн паркт ажиллаж, “Паркаа хамтдаа бүтээе” төслийн явцтай танилцсан. Уг төслийг “Рио Тинто Монгол” ХХК бүрэн санхүүжүүлэн, хэрэгжүүлж байгаа юм.

Төслийн хүрээнд паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайг иргэдийн саналд үндэслэн 80 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай бүхий олон нийтийн соёл амралтын хүрээлэн болгон тохижуулж байна. Одоогийн байдлаар хатуу дэд бүтцийн ажил дуусах шатандаа орж, цэцэрлэгжүүлэлт, тохижилт үргэлжилж байгаа бөгөөд зургаадугаар сарын нэгэн гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

 

Хотын дарга энэ үеэр хүүхдийн паркийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг Сөүл рестораны удирдлагуудтай уулзаж, эзэмшлийн газраасаа хэтрүүлэн хашаалсан хашаагаа чөлөөлөх, зогсоол хэлбэрээр ашиглаж байгаа газраа чөлөөлөх зэрэг шаардлага тавьсан. Үүний дагуу өнөөдөр Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан Сөүл рестораны удирдлагуудтай уулзаж, эзэмшлийн газраасаа хэтрүүлэн хашаалсан хашаа, зогсоол хэлбэрээр ашиглаж байгаа газраа чөлөөлөх зэрэг шаардлага хүргүүллээ.

 

Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Г.Батзориг:

- Танай рестораны газрын зөвшөөрөл барилгын сууриараа гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс зөрчлөө даруй арилгаж, эзэмшлийн газраасаа хэтрүүлэн хашаалсан хашаагаа буулгах, нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан контейнер зэрэг эд хогшлоо яаралтай шилжүүлж, бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлнэ үү гэв.

 

Түүнчлэн нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван “Уг байршилд байсан зарим моднууд унасан, алга болсон асуудал бий. Байгалийн жамаараа унасан уу, гадны нөлөөтэй юу гэдгийг судалж байгаа” гэсэн юм. Харин “Паркаа хамтдаа бүтээе” төслийн менежер Б.Золзаяа “Рестораны ойр орчимд байсан хэд хэдэн модыг хөрөөдөж авч байхыг би өөрийн биеэр баталгаажуулсан. Бид анх төслөө эхлэхдээ агаараас мод, бутыг тоолж бүртгэлжүүлсэн. Энэ бүртгэлтэй зөрж байгаа зэрэг бүх баримт мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн” гэдгийг онцолсон юм.

 

Харин рестораны зүгээс “Сөүл” рестораны оффис менежер П.Батцэцэг “Бидний зүгээс арын зогсоол хэсгээ чөлөөлөхөд татгалзах зүйлгүй. Гол нь манайх үйлчилгээний байгууллага гэдгийг харгалзан үзэж, үйлчлүүлэгчдийг орж, гарах, зочид унаатай үйлчлүүлэх боломжоор хангаж өгөхийг хүсье” гэлээ.

Уг асуудлыг албаныхан болон төсөл хэрэгжүүлэгч талууд зөвшилцөхөөр тогтлоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
66.181.177.197

Хүүхэд иргэдийн өмчийг хулгайчаас аварсан маш зөв ажил хийж байгаа хотын захиргааг ямагт дэмжиж байгаа улам их амжилт!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.