Улсын онцгой комисс өнөөдөр хуралджээ. Хуралдаанаар цаг үеийн шинжтэй хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна.
УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан:
-Дүнжингаравын дэлбэрэлтийн ажлын хэсгийн дүгнэлтийг өнөөдөр холбогдох яамнууд УОК-т танилцууллаа. Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг цаашид ашиглах боломжгүй. Нурааж шинээр барина. Энэ асуудлыг нийслэлийн Засаг дарга шийдвэрлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, хохирлыг барагдуулах, байрыг нураах, шинээр барих тэр хугацаанд хохирсон иргэдийн түрээсийн байрны төлбөрийг үргэлжлүүлэн төлөх, хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх асуудлыг нийслэлийн удирдлагуудад шилжүүлсэн.
Уг асуудалд Засгийн газраас 5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 2.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Үлдсэн 2.9 тэрбумыг нийслэлийн мэдэлд шилжүүлсэн.
Амь насаа алдсан, гэмтэж бэртсэн хүмүүсийн ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг НЗДТГ-т даалгасан. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцуудад тавигдах стандартыг шинэчилж, мөрдүүлнэ.
БХБЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярбат:
-Нийт дөрвөн объект тус түймэрт өртсөн. Ажлын хэсгээс тус гал түймэрт өртсөн барилгуудын төлөв байдлыг тогтоосон. УОК-ын хуралдаанд өнөөдөр танилцууллаа. Орон сууц, сургуулийн барилга, усан бассейн, заалны зориулалттай барилга гал түймэрт өртсөн.
Гал түймэрт өртсөн 207 дугаар байр нь 12 давхар 63 айл оршин суудаг орон сууц. Тус барилгад шинжилгээ хийлгүүлж дүгнэлт гаргасан. Барилга байгууламжийн дам нураанд ан цав үүссэн байдал нь зөвшөөрөгдөх хэмжээнээс тав дахин их буюу 2 мм, үндсэн хийц бүтцэд нүүрс хүчлийн хий бүрэн явагдаж арматур зэврэлтэд хүчтэй өртөх эрсдэлтэй нөхцөл бий болсон байна. Арматурын хэв гажилт зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн. Материал нь газар хөдлөлтөд тэсвэрлэх чадваргүй. Барилгын ашиглалтын үеийн аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон гэх дүгнэлт гаргасан.
Харин бусад барилга, объектын хувьд хүчтгэх арга хэмжээг авч засвар шинэчлэлийг хийх нь зөв гэдэг дүгнэлтийг гаргаад байна.
Тус 207-р байрыг буулгах арга хэмжээг авна. Шинээр барилга барих бол зураг төсөл тооцоо гарна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.