СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-04-17

А.Цогцэцэг: Гүйцэтгэлийн санхүүжилтийг хөдөлмөрийн хөлстэй уялдуулбал эмч нар ₮10-20 саяын цалин авахыг ч үгүйсгэхгүй

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
7 сарын өмнө

Монгол Улсын Эрүүл мэндийн 26 дахь сайд, Анагаах ухааны доктор, профессор, зөвлөх зэргийн эмч, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Аюушийн Цогцэцэгтэй ярилцлаа.

-Тархай, бутархай явахаас илүү бүсчлэн нэгтгэж, түүндээ суурилан бодлогын бичиг баримтуудыг боловсруулж буй цаг үед бид ярилцаж байна. Та эрүүл мэндийн салбарт амьдралаа холбосон хүн. Энэ салбарын тулгамдсан асуудлууд, тэдгээрийн шийдлийг бүс нутгуудын хэмжээнд хэрхэн харж байна вэ?

-Бүсчилсэн хөгжил бол төвлөрлийг сааруулах боломж гэж харж байгаа. Нөгөөтэйгүүр эдийн засгийн тогтвортой өсөлтийг бүс нутагт хангах шинэ өнцөг.  Монгол Улс 3.4 сая хүн амтай, газар нутаг томтой. Нүүдэлчин гэдэг утгаар тархай бутархай оршин сууж ирсэн тал бий. Ийм тохиолдолд бүс нутгийн хөгжлийн бодлогыг ярих нь том утгаараа макро эдийн засгийн хувьд ч хүн амын суурьшилын хувьд ч, дэд бүтэц, эрүүл мэнд боловсролын хувьд ч чухал ач холбогдолтой болов уу.

Хүн амын тоог нэмэгдүүлж, эрүүл иргэний өсөлтийг хангах нь бүс нутгийн хөгжилд  нөлөөлнө гэсэн утгаараа  иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэдэнд ойртуулах дөхөм зам гэж харж байна.

Хүний хэрэгцээ шаардлагыг дагаж хөгжил аяндаа идэвхэждэг. Бүсчилсэн хөгжлийн хүрээнд дэд бүтэц сайжирч түүнийг дагасан иргэдийн суурьшил бий болох нь ганц эрүүл мэндийн асуудал ч биш, боловсрол, нийгэм соёл, шинжлэх ухааны салбарт ч ахиц дэвшил гарна гэдэгт найдаж байна.

-Эрүүл мэндийн салбарт бүсчилсэн байдлаар асуудлуудаа ярьж, шийдээд явах гарц бий юу?

- Уг нь Бүсийн Оношилгоо, Эмчилгээний төвүүдийн суурь ч бий. Бүр хуульчилсан үе ч бий. Гэтэл бүс нутгийн иргэд төдийлөн сайн очиж үйлчлүүлэхгүй шууд Улаанбаатарт ирж үзүүлж байгаа шалтаг шалтгааныг олох нь чухал. Үнэхээр бүсчилж хөгжүүлэх юм бол тэнд бодлогоор эмч мэргэжилтэн, хүний нөөцийн хүрэлцээ, нийгмийн хангамжинд суурилсан хүний нөөцийн суурьшил бий болгож  тогтвортой хөгжих боломжийг нь бүрдүүлэх хэрэгтэй.

Цаашид бүс нутгийнхаа эрүүл мэндийн салбарын хөгжлийг хангахын тулд салбар дундын бодлогын хүрээнд нухацтай авч үзэх хэрэгтэй. Иргэд хамгийн сайн эмнэлэгт, итгэл төгс үзүүлэхээр  иргэдийн урсгал чиглэгддэг шүү дээ. Иймд төрөлжүүлж хөгжүүлэх, техник технологид суурилсан эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хөгжлийг бий болгох хэрэгцээ шаардлага бий болно.

Харин дэд бүтэц, шинэ технологи, хүний нөөц гээд багцаар нь анхаарч чадвал бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд хөгжих боломжтой. Бүр цаашилбал олон улсын жишигт нийцсэн, бүс нутгийн байгалийн онцлогт тулгуурласан рашаан сувилалыг  байгуулж хөгжүүлэх  боломжтой.

шүү дээ.

Дэлхий нийт 21-р зууныг “харшлын зуун ” гэж нэрлэж байна. Гэтэл "Шаргалжуут" бол харшлыг гайхамшигтай эдгээдэг. Харшлын шалтгаантай амьсгалын замын өвчнүүдийг эдгээх улмаар амьдралын чанарыг нь уртасгах, сэдрэлтээс сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг. Би Анагаах ухааны докторын зэргийг ОХУ-д “Харшлын гаралтай арьсны архаг өвчнийг рашаан сувиллаар эмчлэх нь” гэдэг сэдвээр хамгаалсан. Миний судалгааны ажилд "Аварга тосон" сувилал хамрагдсан л даа. Судалгааны явцад Израилийн хар шавартай яг ижил бүтэцтэй шавар манай "Аварга тосон"-д байгааг тогтоосон.

Нөгөөтэйгүүр Хангайн бүсэд олон тооны эмийн ургамалууд ихээр ургадаг. Энэхүү түүхий эдэд түшиглэсэн уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, үйлдвэр байгуулах улмаар экспортод гаргах ч боломжтой. Тэгэхээр рашаан, эмийн ургамалд суурилсан эрүүл мэндийн аялал жуулчлалын үйлчилгээ хөгжүүлэх  бүрэн боломж бий. 

-Бүс нутгийн онцлогийг илтгэсэн хөгжил юм байна. Энэ гэхдээ хэр боломжтой вэ. Рашаан сувиллууд маань нутгийн аялагчдын хүрээнд л эргэлддэг шиг анзаарагддаг. Бүсчилсэн бодлогодоо хэрхэн уях вэ?

-Хамгийн нэгдүгээрт судалгаа, нотолгоо, төлөвлөгөөтэй хийх ажил гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгж чадвал манай бүс нутгийн хөгжил олон улсын түвшинд хүрэх боломжтой. Хөгжүүлж л чадвал бүс нутгаа бүү хэл улсаа тэжээх валют оруулж ирэх боломжтой салбар л даа. Тийм ч болохоор рашаан сувилал судлалыг бүс нутгийн хөгжилд нэлээд ахиц дэвшил авч ирнэ гэж бодож байгаа. Гол нь маш сайн судалгаанд суурилсан хэтийн төлөвлөгөө хэрэгтэй.

Мөн үүнийг ганц төрийн ажил гэж үзэж болохгүй. Төр бодлогоор дэмжиж, төр хувийн хэвшлийн түншлэлээр хийж гүйцэтгэвэл үр дүнтэй гэж хардаг. Ази Европын өндөр хөгжилтэй орнуудад ийм жишиг бий, хөл гишгэх зайгүй үйлчилгээ явуулдаг шүү дээ. Бидэнд тэр нөөц нь байна. Иймд туршлагаас нь суралцаж, нутагшуулах боломжтой гэж харж байгаа.

-Бүсийн оношилгооны төвүүд байгуулагдсан ч иргэд үйлчлүүлэхгүй байна гэлээ. Шалтгаан нь юу гэж та Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсны хувьд харж байна вэ. Гарц харагдсан уу?

-Манай эмнэлгүүдэд шатлалын ялгаа харагддаггүй. Уг нь Эрүүл мэндийн тухай хуульд шатлалыг нь тодорхойлж өгсөн ч амьдрал дээр ялгаа нь мэдэгддэггүй. Шатлалынхаа онцлогийг хадгалж, эмнэлгүүд хөгжих боломжоор нь хангахгүй байгаад оршдог.

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд  байгуулагдаад  олон жил боллоо. Үр дүнг нь харж чадахгүй байна. Хүмүүс шууд Улаанбаатарт, суурин газарт л орж ирээд байгаа юм. Тэгэхээр, бүсийн оношилгоо, эмчилгээний төв маань чадварлаг хүний нөөцтэй, техник технологитой, бүр сургалт, эрдэм шинжилгээний баазтай байхаар хуулинд заасан байдаг л даа. Гэтэл бүх талаараа техник технологи, эмч мэргэжилтнүүдийн ур чадвар гээд олон зүйл дээр нэрэндээ тохирсон хөгжил бий болж чадаж байна уу гэвэл эргэлзээтэй байна. Энэ чиглэлд нь анхаарч үзмээр байгаа юм.

Ингээд хүн амын, үйлчлүүлэгчдийнхээ урсгалыг зөв чиглүүлж чадвал даатгалын санхүүжилт ч орон нутагт зөв хуваарилагдана. Хөдөө орон нутагт залуус ажиллахгүй байна шүү дээ. Залуу хүмүүс мэдээж хот суурин бараадна. Гэтэл эргээд хот стресстэй газар болчихлоо. Хэт их төвлөрөл бий боллоо. Иймд бодлогоор залуусыг хөдөө орон нутагт татах, ажиллах амьдрах орчинг нь бүрдүүлэх, нийгмийн халамжийг нь сайжруулах шаардлагатай байна. Энэ хүрээнд, бүсчилсэн хөгжлийн бодлогодоо харуулах шаардлагатай. Иймд төрийн бодлогод ард иргэдийн бөгөөд мэргэжлийн хүмүүсийн дуу хоолой хэрэгтэй гэж бодож явдаг хүний нэг би.

-Та өнгөрсөн өвөл сум, багаар тойрч эрүүл мэндийн үзлэг хийсэн. Сум, багийн эмч нарын нөхцөл байдал ямар байна. Тэдэнд тулгамдаж буй асуудлыг бид хангалттай сонсож, ойлгож чадаж байна уу?

-Эрүүл мэндийн тухай хуулинд нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн гэж 2 тусламж үйлчилгээ байдаг. Анзаарч, хэлмээр байгаа зүйл бол нийгмийн эрүүл мэндийн боловсрол. Өөрөөр хэлбэл хүн өөрөө хариуцлагатай байх, өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хэрхэх хэрэгтэйг мэддэг байх чухал. Хөдөө орон нутагт нийгмийн эрүүл мэндэд тулгуурласан бодлогыг илүү ул суурьтай явуулах ёстойг олж харсан.

Хоёрдугаарт хүний нөөц. Үнэхээр ажиллах хүчин бага, сул. Хөдөөд хүмүүсийн эрүүл мэнд их хүнд байна. Архаг өвчин ихтэй атал өвчнөө хайхрахгүй, их хүндрүүлж байна. Өвчин өөрөө цаг хугацаа явах тусам л хүндэрдэг эд. Харин сүүлийн жилүүдэд төр засгаас явуулж буй бодлогын хүрээнд эрт илрүүлэг чухал болохыг иргэд маань ойлгодог болсон нь сайн хэрэг.  Харин хөдөө орон нутагт иргэдийн эрт илрүүлэгтээ хамрагдах хамралтын хувь доогуур байгаа нь санаа зовоох асуудлын нэг болсон. Нөгөө талаар эрүүл мэндийн салбарын дэд бүтэц нь даахгүй байна. Хүний нөөц нь, тоног төхөөрөмж нь хүрэлцэхгүй байна. Иймд энэ чиглэлд бодлогын шийдлүүдийг гаргах нь чухал.

Эрт илрүүлгийн үзлэг маш олон хавдрыг эрт шатанд илрүүлж байгаа нь сайшаалтай. Үүнийг энэ Засгийн газрын хийсэн томоохон ажлуудын нэг гэж хардаг.

-Та эрүүл мэндийн салбарын цалинг нэмэх ёстой гэдгийг та ярьж ирсэн. Үр дүн, хэрэгжилт харагдаж байна уу. Цалин мэдэгдэхүйц хэмжээнд нэмэгдэж чадав уу?

-Манай салбарт цалин багагүй нэмэгдсэн. Дундаж цалин 2 сая төгрөг гарсан шүү. Би сайд байхдаа хамгийн эхэнд сүрьеэгийн эмч, ажилчдын цалинг 30 хувь нэмж байсан. Мөн ЭМД-ыг бие даалгахад анхаарч УИХ-ын 40 дүгээр тогтоолоор ЭМДҮЗ-ийг байгуулж байсан. Энэ нь ЭМДЕГ-ыг байгуулж бие даалгах эрх зүйн орчин нь бүрдсэн. Иргэний ЭМД нь даатгал төлөгчиддөө илүү анхаарах ёстой гэтэл сандаа үлдэгдэлтэй байж арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр хүү бодогдож зарим хүмүүсийн ашиг сонирхолыг хөдөлгөж байсан удаатай.

ЭМД-ын санг нийгмийн даатгалаас салгаснаар өнөөдрийн бидний алив өвчнөөс эрт сэргийлэх урьдчилан сэргийлэхэд мөнгө зарах боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл таны төлсөн мөнгө таны эрүүл мэндэд эргээд үр дүнтэйгээр очих боломж бүрдсэн. Өнөөдөр бие даасан агентлаг болж, гүйцэтгэлийн санхүүжилтээр тусламж үйлчилгээгээ үзүүлж байгаа. Санхүүжилтийн бүх эх үүсвэр нэг санд орж, агентлаг өөрөө хуваарилж байна. Энэ бол том давуу тал. Тийм учраас өнөөдөр бид эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамрагдаж, тодорхой хэмжээнд өөрсдийгөө өвчин, эмгэгээс хамгаалж чадаж байна шүү дээ.

Би өмнө нь нийгмийн эрүүл мэндийн төвийн бүтцийг хэд, хэдэн аймагт байгуулж байсан. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж нэг үг бий дээ. Бүс нутгийн эрүүл мэндийн хөгжилд энэхүү бүтэц чухал үүрэгтэй гэж харж байгаа. Эмчлэх гэж их хэмжээний зардал гаргаснаас эрт шатанд нь илрүүлдэг болбол иргэндээ ч, улсдаа ч эдийн засгийн ач холбогдолтой шүү дээ.

-Даатгалын санг салгаж, гүйцэтгэлийн санхүүжилтийг бий болгосноор эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилчдад ямар давуу талыг бий болгосон бэ?

-Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт анхнаасаа хийсэн ажилтай нь ажилчдынхаа хөдөлмөр хөлсийг уялдуулах бодлого барьсан. 10 үйлчлүүлэгч үзсэн эмч, 20 үйлчлүүлэгч үзсэн эмч адилхан цалин авч болохгүй байх зах зээлийн зарчим үйлчлэх ёстой. Саяхан болтол эмнэлгийн дарга улсын төсвөөс зардлын зүйл ангиараа санхүүжилтээ хувиарладаг байсан. Харин зардлын зүйлээ өөрчлөх эрх байгаагүй. Тэгвэл ямар ч байсан сайнтай, муутай явж байгаа ч ерөнхий дээврийг нь харвал зарчим нь зөв. Цаашдаа илүү боловсронгуй болгоод явах ёстой. . Зах зээлийнхээ зарчмаар явахад болохгүй гэх зүйлгүй. Гэхдээ хэрэгжих шатандаа ямар ямар сул тал байгааг байнга харж богино хугацаанд засаж залруулаад явах нь чухал

Хувийн болон улсын эмнэлгийн ялгаа маш бага байж тусламж үйлчилгээний хүртээмж, хүлээгдэл чирэгдэл багасах ёстой. Төр, хувийн эмнэлгийн өмчөөс хамаарсан тусламж үйлчилгээний зардал өөр байвал иргэний халааснаас гарах мөнгө нэмэгдэнэ. ДЭМБ-ын зөвлөмжөөр иргэний халаасаас гарах мөнгө дээд тал нь 25 хувь байх ёстой. Манай улс намайг эрүүл мэндийн сайд болох үед 41 хувьтай байсан. Одоо багассан байхаа. Яагаад гэвэл гүйцэтгэлээр санхүүжиж, өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг төр, хувийн хэвшил адилхан даатгалаар үзүүлдэг болголоо. Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах өндөр өртөг шаардсан хагалгаагны зардлыг ч төрөөс ЭМД-ын санд шилжүүлж тэндээс санхүүжилтийг нь хийж байна.

Миний сайд байх үеийн багийнхан Монголд эмчлэгдэхгүй 39 өвчнөөс 12-ыг нь монголд эмчлэгддэг болгосон. Цаашдаа бусад бүх өвчнийг Монголдоо эмчилдэг болох боломжийг бүрдүүлэх ёстой. Үүнд төрийн дэмжлэг, бодлого хэрэгтэй. Манай эмч нарт богино хугацаанд шинэ технологио сураад нутагшуулах чадвартай. 

-БОЭТ-тэй зэрэгцээд санхүүжилт аваад явж байгаа орон нутгийн хувийн эмнэлгүүдийн чадамж хэр байна?

-Төр, хувийн хэвшлээр ялангуяа өмчийн хэлбэр харгалзахгүйгээр эрүүл мэндийн даатгалын санхүүжилт өгөөд эхлэхээр хувийн хэвшил зэрэгцэн хөгжиж зах зээлийн жаягаар улсынхаа эмнэлгүүдтэй өрсөлдөнө. Чадавх нь ч сайжирна. Энэ өрсөлдөөнд хэн чадвартай нь, технологи сайтай нь хөгжинө. Тэгэхээр өмчийн хэлбэр харгалзахгүй хөгжүүлбэл өрсөлдөх чадвар, хүртээмж сайжирч чанар дээшилнэ гэж би хардаг. Тийм л учраас хувийн хэвшлүүдэд эрүүл мэндийн даатгалыг адилхан санхүүжилтээр олгож байгаа нь хүртээмж талдаа төвлөрлийг сааруулах иргэний халааснаас гарах санхүүгийн дарамтыг багасгадаг сайн талтай.

-Та арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирлаар 13 жил ажиллахдаа 15 сайдын “нүүр үзсэн”. Судлаад харсан чинь нэг сайд 1.3-1.5 жил ажлаад буугаад байсан гэдэг. Төдөлгүй танд Мэргэжлийн засгийн газрын Эрүүл мэндийн сайдаар ажиллах үүрэг ирж богино хугацаанд ихийг амжуулахаар шамдсан. Онцлооч гэвэл та юуг нэрлэх вэ?

-Ажиллах хугацааг нь өмнө нь ажигласан учраас багийнхандаа эрүүл мэндийн суурь шинэчлэлийг хийхийн тулд 8 зүйлд анхаарч ажиллахыг үүрэгдсэн. Энэ чиглэлд үйл ажиллагаагаа явуулсан. Нийгмийн эрүүл мэнд, хууль эрхзүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ, санхүүжилт, хүний нөөц, эмзүйн салбар гэх мэт дээрхи найман чиглэлд тулгамдаж буй асуудлаа жагсаагаад хамгийн томоос нь эхэлсэн. .

ЗГ-аар батлуулсан Төрөөс баримтлах 10 жилийн бодлого их чухал. Энэ бол Эрүүл мэндийн салбар ямар нэгэн сайдаас хамааралгүй хэрхэн яаж хөгжих вэ гэдэг дээр анхаарч ажилласан. 

“Элэг бүтэн монгол”, “Төрөөс баримтлах бодлого”, “Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх”, “Эх хүүхдийн эрүүл мэнд” зэрэг үндэсний хөтөлбөрүүдээс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг онцолмоор байна. Монгол улсад элэгний С вирүсээс үүдэлтэй хорт хавдар түгшүүр болсон  байсан учраас үүнийг эрт илрүүлэх,  эмчлэх чиглэлд анхаарлаа хандуулсан. Өнөөдөр эргээд харахад 40 мянган хүн эмчлэгдэж С вирүсийн идэвхжилгүй болжээ. Хоёр аймгийн хүн амтай дүйцэхүйц тоо. Ийм олон хүн элэг бүтэн амьдарч, санхүүгийн эрсдэлгүй ажил хөдөлмөрөө хийж яваа нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гол ач холбогдол юм.

-Найман хуулиас онцолбол...?

-Найман хуулиас шинэчлэн найруулсан нь Донорын тухай , Нялх балчир хүүхдийн хоол хүнсний тухай хууль юм. Мөн Согтуу иргэдийг эрүүлжүүлэх тухай маш хүнд хууль байлаа. Өмнө нь олон сайд Эмнэлэг эрүүлжүүлэх болсныг засах гээд чадаагүй. Яагаад гэхээр тэр үед хуулиараа согтуу хүнийг эрүүлжүүлэх нь эрүүл мэндийн үүрэг болчихсон, согтуу хүн, архины хамааралт донтолт хоёрыг ялгахгүй байна шүү дээ. Ийм том мэргэжлийн бус ялгаа байсан нь уг хуулийг хэрэгжүүлэхэд алдаа гарсан. 

Донорын тухай хууль байна. Эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой олон асуудлыг багтааж хамгийн эцсийн хэлэлцүүлэгт бэлэн болгоод огцорсон байдаг. Тархины үхжилттэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах асуудлыг хуульчилж, эрхтний наймаанаас сэргийлэх олон заалтыг оруулж, донор хүн реципент хэн байх вэ гэдгийг  зааглаж  эрхзүйн орчныг бүрдүүлсэн.

Ингээд технологийн хамгийн том шийдлийг илэрхийлдэг эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа Монгол улсад хөгжсөн. Энэ нь эргээд гадаадаас манайд валют оруулж ирэх боломж ч бүрдэх суурь нь тавигдсан гэж боддог. Хөххотоос Красноярск хүртэл Мянганы замын ард иргэд эрхтэн шилжүүлэн суулгах төвгүй. Хэрвээ монгол улс энэ салбараа хөгжүүлбэл эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлж эх орондоо валют оруулж ирэх боломжтой. 

Манай эмч нар өнөөдөр олон улсын жишигт нийцсэн эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг жилдээ 45-50 хүнд элэг, 60 гаруй хүнд бөөр, 20 орчим хүнд ясны чөмөг шилжүүлэн суулгаж технологи богино хугацаанд хурдтай хөгжиж байна. Ковидын үед бүх хил хаагдсан байхад бид нар Монголдоо элэг, бөөрөө шилжүүлэн суулгаж олон хүний амь насыг аварч байлаа. Энэ хуулийн үр дүн.

-Бөөрний дутагдалтай аппаратад орж цусаа шүүлгэдэг хүмүүс таныг “буянтай сайд” гэж ярихыг сонсож байлаа. Энэ салбарт яг юуг өөрчилсөн юм бэ?

-Эрүүл мэндийн салбарын эмнэлгийн тусламж үйлчилгээнд гарч байгаа алдаанууд эргээд ард иргэдийн амьдралд нөлөөлдөг учраас том асуудлууд руу анхаарлаа хандуулсан. Тэр үед Гемодиалезийн тусламж үйлчилгээ зөвхөн төвлөрсөн ганц хоёрхон эмнэлэгт  үзүүлдэг, тэндээ оочерлож  стандарт эмчилгээнийхээ заалтаар долоо хоногт 3 удаа аппаратад ордог байсан нь алдагдаж ирсэн. Иргэн хүний амьдралын чанарт нөлөөлдөг энэ тусламж үйлчилгээг төр хувийн хэвшлийн түншлэлээр шийдэж хувийн эмнэлгүүдэд төрөөс мөнгийг нь олгоод иргэн хүн ямар нэг санхүүгийн эрсдэлгүй эмчлүүлэх боломжтой болсон юм. Энэ бол бөөрний дутагдалтай хүмүүст төдийгүй эмч  нарт ч маш бахархалтай сайхан ажил. Үргэлжлүүлээд 21 аймагт гемодиалезийн төвтэй болгосон. Өмнө орон нутгийн иргэд хотод айлын хашаанд гэр барьж, хажуу өрөө түрээслэж энэхүү тусламждаа жилдээ  амьд явах эрхээ 20 саяар төгрөгөөр авдаг байлаа шүү дээ. Тийм иргэн монгол улсад хэд байсан гэж санана. Одоо сайхан болчихсон. Нутаг орондоо амьдарч өглөө нь диалездаа орчхоод өдөр нь ажлаа хийгээд л. Хөдөлмөр эрхлэлт талдаа ч ач холбогдолтой тусламж үйлчилгээг хийсэн юм. Ер нь бол энэ мэтээр тоочвол олон ажил бий. Яаралтай түргэн тусламжид нисдэг тэрэг явах анхны суурийг тавьсан. Хот мөнгөө гаргаад нэгдсэн том эмнэлгүүдийн гадаа  талбай засаад хувийн хэвшлийн нисдэг тэргээр өвчтөнөө тээвэрлэж эхэлсэн. Дараа нь засгийн газрын хуралдаан дээр танилцуулж Онцгой байдал, эрүүл мэндийн салбар хоёр дээр нисдэг тэрэг худалдаж авах боломжийг бүрдүүлсэн. 

21 аймгийн 180 суманд парк шинэчлэлт хийж 180 түргэн тусламжийн автомашиныг нэг санхүүжилтээр шийдсэн. Олон засаг солигдох хортой. Бие биенийхээ ажлыг үргэлжлүүлдэггүй учраас дуусаагүй барилга гэж нэг айхтар юмтай нүүр тулгарсан.

Тэр үед улс орны эдийн засаг хүндэрч деполт зарлах хэмжээнд хүрсэн хүнд хэцүү цагт салбарлуугаа мөнгө олно гэдэг туйлын хэцүү байлаа. Гэхдээ л хот хөдөөгийн 20 гаруй барилгад олон талын санхүүжилтийн үүсвэрийг олж бүтээн байгуулалтыг эхлүүлсэн нь Ковидын үед дэндүү мэдрэгдэж байсан. Тухайлбал, Яармагийн 300 ортой эмнэлгийн хэдэн тэрбумын хөрөнгө оруулалт шаардсан барилга дээр засгийн газар шийдэл хайж концессийн гэрээгээр санхүүжилт хийсэн нь одоо олон иргэдийн амийг аварсан өргөө болсон.

Үндэсний оношилгоо эмчилгээний төв гэж цаасан гэрээн дээрээ 9 жил гацчихсан төслийг Засгийн газраар оруулж БНСУ-ын банк руу явуулж гэрээнд нэмэлт засвар оруулж эхлүүлсэн. Хажууд нь анх удаа цөмийн оношлуураар хавдрын тархалтыг оношилдог үйлдвэрийн байгуулсан нь гадагшаа явах урсгал багассан.

СХД-ийн нэгдсэн эмнэлэг, Түлэнхийн төв, Био аюулгүй 3 дугаар лаборатори гэх мэт  барилгуудын санхүүжилт эсэргүүцэлтэй тулсан ч салбарынхаа эрх ашгийг бодож зоригтой зүтгэсний хүчинд бүрэн шийдсэн. Энэ мэтээр 20 гаруй барилгын санхүүжилт шийдсэн.

-Сайдаасаа бууснаас хойш та салбар дахь асуудал, шийдэл дээр оролцоогоо хэрхэн хадгалж байна вэ?

-Эрүүл мэндийн мэндийн салбар бол миний байнга анхаарч байдаг салбар. Яагаад гэхээр миний мэргэжил эмч, миний аав эрүүл мэндийн салбарын эмийн хүн. Удам дамжсан нөлөө байдаг уу эсвэл би өөрөө хийсэн ажлаа дуусгах гээд байдаг хүн юмуу гээд заримдаа өөрийгөө гайхдаг.

Сүүлийн жилүүдэд "Эрүүл мэндийн нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо" гэж байгуулаад үүгээрээ хийж чадаагүй амжаагүй дутуу орхисон ажлуудаа гүйцээх гэж зорьж яваа. Өнөөдөр цусны хорт хавдартай хүүхэд залуус маш их байна үүний үндсэн эмчилгээний нэг ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа байдаг. Үүнийг эмчлэх чиглэлээр донороос үүдэл эс шилжүүлэн суулгах үр дүнтэй өндөр өртөгтэй эмчилгээг нутагшуулахыг зорьж УНТЭ-ийн Цусны төвийнхөнтэй ярилцаж хамтарч ажилласаны үр дүнд 2023 оны 8 дугаар сард эхнийнхээ донороос ясны чөмөг суулгах хагалгааг хийсэн. Үүнийг хийхийн тулд манай эмч нарт багш хэрэгтэй байсан учир АНУ-ын Андерсон эмнэлгийн Такаши Коичи профессорыг өөрийнхөө ТББ-аас зардлыг нь гаргаад авчирч эхний хагалгааг хийсэн нь амжилттай болсон. Энэ технологи 2023 оны шилдэг технологиор шалгарсан. Цааш нь нутагшуулах чиглэлээр одоо ч бас журмын нөхдүүдтэйгээ ажиллаж байна.

Гэр орны хүмүүжил гэдэг юмуу манай ээж багш хүн байсан учраас Давс хийвэл уустал Ажил хийвэл дуустал гэж байнга сургадаг байсан. Би сайдын ажлаа хүлээлгэж өгөх огцрох мэдэгдлээ авчихсан байхдаа ч 21 аймгаа диалезийн аппараттай болгох гээд хамгийн сүүлд Өмнөговийн аппаратыг суурилуулж ашиглалтанд оруулж байсан түүхтэй.

Эрүүл мэндийн салбар гэдэг маш өргөн хүрээтэй хүн болгонд мэдрэгддэг салбар.  Хүн төрөхөөс эхлээд эхлээд бурханы оронд очих хүртэл эрүүл мэндийн салбараар дамжаагүй хүн гэж үгүй. Тэгэхээр энэ цөөхөн 3.4 сая хүн амтай улсын эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдээд шинээр хийх асуудлуудаа урьдчилан хараад хийгээд явах юмсан гэсэн бодолдоо хөтлөгдөж явдаг. ТББ-аараа  дамжуулж эмч мэргэжилтнүүдээ гадаад дотоодын их дээд сургуульд бэлдэх тал дээр анхаарч ажиллаж байгаа.

-Бүсчилсэн хөгжил дээр та олон гарц шийдлийг олоод харчихсан яваа юм байна. Эрүүл мэндийн салбартаа онцлоод харчихсан шийдэл нь юу байна вэ?

-Орон нутгийн байгалийн баялагт тулгуурласан эрүүл мэндийн олон төрлийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх боломжтой. Ялангуяа манай уламжлалт анагаах ухаан дэлхийн брэнд бүтээгдэхүүн болох бүрэн боломжтой салбар. Байгалийн онцлог бүтэцтэй уялдсан рашаан ус, эмийн ургамал энэ бүгдтэй уялдсан хөгжлийг тухайн орон нутаг руу чиглүүлэх боломжийг хардаг. Бүсчилсэн хөгжлийн бодлогод эмнэлгийн тусламж үйлчилгээн дээр төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдээ өрсөлдөхүйц хэмжээний төвүүдийг байгуулах боломж бий. Энэ чиглэл дээр эдийн засгийн бодлогоо зөв уялдуулаад орон нутгийн өвчлөлийн онцлогт тохирсон төрөлжүүлсэн тусламж үзүүлэх давуу талыг ч гаргаж ирэх боломжтой гэж харагддаг. Жишээ нь, Архангай аймгийн нутгаар үзлэг хийгээд явахад хойд урд сумын өвчлөлийн бүтэц урьд сумынхтай харьцуулахад  ялгаатай байдаг. Хашаат суманд цөсний чулуу их, Ихтамир суманд зүрх судасны өвчин, Жаргалант руу яваад ирэхээр элэг цөсний өвчлөл илүү байх жишээтэй. Ингээд бүсчилсэн өвчний бүтцийн судалгааг нарийн гаргаж судалгаанд суурилсан хэрэгцээгээ тодорхойлж болно. Энэ судалгаан дээр суурилаад Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт нь ямар чиглэлээр эрүүл мэндийн салбараа хөгжүүлэх юм бэ гээд хөгжлийн цогц менежмент хийх боломжтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.