Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн хүрээнд банк санхүүгийн системийн хөгжил, нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, Төв банкны үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор сэтгүүлч, хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнуудын дунд “Монгол Улсын эдийн засагт банкны салбарын гүйцэтгэж буй үүрэг” сэдэвт нийтлэлийн уралдаанд Тусгай байрт шалгарсан Lemonpress.mn сайтын сэтгүүлч С.Ангирмаагийн нийтлэлийг хүргэж байна.
Банкны салбарын хөгжил бидний амьдралд
Сүүлийн жилүүдэд тасралтгүй, тогтвортой өсөж буй салбар бол яалт ч үгүй банкны салбар. Одоо үйл ажиллагаа явуулж буй банкнуудын нийт хөрөнгө л гэхэд өнгөрсөн 10 жилийн хугацаанд 2.5 дахин нэмэгдэж ₮54.2 их наядад хүрээд буй. Түүнчлэн өнгөрсөн онд банкны реформын хүрээнд ТОП-5 банк IPO хийснээр нийт 6 банк олон нийтэд нээлттэй болоод байна. Тэгвэл тэдний энэ бүх тэлэлт, хөгжил та бидэнд ямар нөлөө үзүүлж байна вэ?
Том зургаар: Эдийн засаг дахь нөлөө
Санхүү, бизнесийн бусад үйл ажиллагаа салбар нь 2022 оны ДНБ-ий 11.8%-ийг бүрдүүлсэн байдаг. Мэдээж үүнд банкны салбар багтаж буй. Банкны салбар нь санхүүгийн системийн 90%-ийг дангаар бүрдүүлдэг билээ. Түүнчлэн тус салбарын 1 ажилтанд ногдох ДНБ-ийг 2015 оны зэрэгцүүлэх үнээр харвал ХАА-н салбарынхаас даруй 6.1 дахин, уул уурхай олборлолтынхоос 1.4 дахин өндөр буюу ₮82.5 сая байгаа юм.
Хөрөнгийн зах зээл дэх нөлөө
Цаашлаад яривал, одоогоос 3 жилийн өмнө СЗХ болон Монголбанкнаас Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан УИХ-аар батлуулснаар банкны реформ эхлэх боломж бүрдсэн.
ТОП-5 банкны IPO-н дараа ХЗЗ-ийн үнэлгээ 2.3 дахин өсөж ₮11.1 их наяд болсон билээ.
Өөрөөр хэлбэл банкны системийн шинэчлэл ХЗЗ-ийг дараагийн түвшинд аваачиж, идэвхжүүлсэн юм. ДНБ-д харьцуулсан ХЗЗ-ийн үнэлгээ ТОП банкнуудын IPO эхлэхээс өмнө буюу 2022 оны II улиралд 11.3% байсан бол одоо 16.7% болсон нь ч үүнийг илтгэнэ.
Технологийн хөгжилд
Нэг цаг үе хүн бүр тэтгэвэр, хүүхдийн мөнгөө авах гэж, гүйлгээ хийх гэж хамаг цагаа банкны очерт үрдэг байсан. Харин одоо интернэт болон мобайл банкны хөгжил маш өндөр түвшинд хүрснээс гадна банкнууд олон шинэ технологийг зах зээлд нэвтрүүлсэн. Мөн төрөл бүрийн урамшуулал, бүтээгдэхүүн үйлчилгээ, картууд ч бий болсон. Улмаар бэлэн гүйлгээний тоо буурч бэлэн бус гүйлгээний тоо нэмэгдэж буй. Тодруулбал, 2022 оны I улирлын байдлаар нийт гүйлгээний 11.9% нь бэлнээр, 88.1% нь бэлэн бусаар хийгдсэн байна. Уг нь бол 2017 онд бэлэн гүйлгээний нийтэд эзлэх хувь 26.3% байжээ. Тэгэхээр банкны салбарын технологийн хөгжил нь харилцагчдын цаг завыг улам л хэмнэж байгаа хэрэг. Цаг хэмнэгдэж байна гэдэг чинь бүтээмжийг өсгөж байна аа л гэсэн үг.
Мөн банкны апп-ууд улам хялбар болсоор байгаа. Голомт банкны SocialPay л гэхэд Чимэгэ дуу хоолой таних технологийг ашиглан төлбөрийн шилжүүлэг хийхээс гадна карт ашиглахгүйгээр Smart Киоск төхөөрөмжөөс бэлэн мөнгө авах зэрэг шинэ содон үйлчилгээтэй болсон.
Мөн ихэнх банкны апп-уудаар дамжуулж цахилгаан, СӨХ, ТВ, интернэт, гар утасны төлбөр төлөх, нэгж авах, бүр заримаар нь Umoney автобусны карт цэнэглэх ч боломж бүрдсэн. Банкны салбарт хийгдэж байгаа энэ бүх технологийн хөгжүүлэлт нь та бидний амьдралыг хялбарчилж байна даа.
Таны амьдралд
Үргэлжлүүлээд ярихад, банкны гол үйл ажиллагаа бол санхүүгийн зуучлал. Банк хадгаламж эзэмшигчдээс хадгаламж цуглуулж, тэдгээр хөрөнгийг зээлдэгчдэд зээл, хөрөнгө оруулалт болгон дамжуулж дундаас нь ашиг олж байгаа. Манайх шиг хөгжиж буй банкны салбар нь иргэд болон ААН-ийн бизнес эрхлэлтийг дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг нөлөөтэй.
Дүгнэхэд, та бид банкны салбарын хөгжил, өсөлт нь эдийн засаг, нийгэм, хөрөнгийн зах зээл, санхүүгийн системд асар их нөлөө үзүүлдэг гэдгийг харлаа. Тус салбар нь санхүүгийн зуучлалыг хөнгөвчлөх, санхүүгийн хүртээмж болон инновацыг дэмжих замаар асар хурдтайгаар тэлж байна даа.
Ашигласан эх сурвалж: Монголбанк, Үндэсний Статистикийн Хороо
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.