“Алтайн хүдэр”, “Бүрдэл майнинг” зэрэг уул уурхайн компани, Тээвэр хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Р.Базар, уул уурхайн компаниудынх нь гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ нарыг ЭЦА-ныхан хэд хэдэн хэрэгт холбогдуулан шалгаж эхэллээ. Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд дээрх аж ахуйн нэгжүүдийн байранд прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийж, ЭЦА-ны байранд албадан авчирсан юм.
Р.Базар, В.Бат-Эрдэнэ нарын үйлдэлд холбогдуулан мөн нэг бус хүнийг ч саатуулан, дээрх байранд авчирсан бөгөөд байцаалт нэлээд удаан үргэлжлэв. Тэднийг сонгуульд нэр дэвшигчдийг хууль бусаар санхүүжүүлсэн, татвараас зайлсхийж мөнгө угаасан, банкны хувьцааг хууль бусаар олсон байж болзошгүй мөнгөөр худалдан авсан, мөрийтэй тоглосон, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэх үйлдэлд холбогдуулан шалгаж буй юм билээ. Бидэнд олдсон мэдээллээр маш их хэмжээний буюу хэдэн тэрбумаар тоологдох мөнгө гадаадаас Р.Базарын нөлөө бүхий хувьцааг нь эзэмшдэг Тээвэр хөгжлийн банкны данс руу орж ирээд буй аж. Олон нийтийн сүлжээнд зарим хүн “Л.Гантөмөр, С.Баярцогт, Н.Номтойбаяр, Ц.Элбэгдорж нарын Нарийнсухайтын ордоос нүүрс гаргаж “угаасан” 20 сая ам.доллар Сингапур, ОХУ-аар дамжин орж ирсэн” хэмээн бичсэн байв.
Түүнчлэн улс төрд нөлөө бүхий МАН, АН-ын гишүүд, өөр бусад нам, эвслийн нэр дэвшихээр горилж буй залуусыг элсүүлж, нөлөөндөө оруулан мөнгөөр тэтгэсэн хэмээн түүнийг сэжиглэн шалгаж байгаа юм билээ. Тухайлбал, Говь-Алтайн гаралтай, МАН-д нэлээд өндөр албан тушаал хаших болсон залуу, сайд зэрэг албан тушаал хашиж байсан АН-ын эрх бүхий албан тушаалтнуудын мөнгөний эх үүсвэр Р.Базараас гаралтай гэх мэдээлэл бий юм. Мөн тэднийг “Алтайн хүдэр”, “Бүрдэл майнинг” ХХК-иараа дамжуулж мөнгө угаасан гэж буруутган шалгаж байна. “Алтайн хүдэр” нь л гэхэд оффшор бүсэд байгуулсан компанитайгаа гэрээ байгуулж, дэлхийн зах зээлийн ханшаар хүдэр борлуулсан орлогоо тухайн аж ахуйн нэгжийнхээ данс руу шилжүүлээд, Монгол Улсад бага орлого олсон мэтээр тайлан гаргаж, түүнээсээ татвараа төлж, илүү гарсан мөнгөө угаасан гэх мэдээлэл байдаг. “Алтайн хүдэр” ХХК-ийн хувьд Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 2012 онд авсан зээлээ төлөлгүй “луу унжсан” учраас Лондоны арбитрын шүүхийн шийдвэр гарч, нийт 31 170 540 ам.доллар, 15 736 евро, 1 138 549 фунт стерлинг Р.Базарын компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн юм. Үүнийгээ төлөөгүй учраас Цээл сум дахь Таяннуурын уурхайн баяжуулах үйлдвэр, тоног төхөөрөмж, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийнх нь хамт албадан дуудлагаар худалдахаар болсныг бид өнгөрсөн сард дэлгэрэнгүй мэдээлсэн билээ.
Р.Базар тэргүүтнийг “Кредит” болон “Тээвэр хөгжлийн банк” ХХК-ийн хувьцааг хууль бус хөрөнгөөр авсан байж болзошгүй хэмээн шалгаж буйг эхэнд дурдсан. Худалдаа, хөгжлийн банкнаас 400-гаад сая еврог ОХУ-ын нэгэн банк руу шилжүүлээд, түүнийгээ буцаан “Кредит”, Тээвэр, хөгжлийн банканд оруулж активыг нь нэмэх замаар банкны өөрийн хөрөнгөөр хувьцаа худалдан авчихсан нь хууль зөрчсөн үйлдэл аж. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм байна.
Мөн хууль бусаар цахим мөрийтэй тоглоом тоглож, нэг тэрбум орчим төгрөг алдчихаад, түүндээ уурсан хамт тоглож байсан залууг хэд хэдэн хүний хамт зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт ч бас шалгаж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.