АТГ-аас Сүхбаатар аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг шалгаж байгаа асуудлаар мэдээлэл хийв.
АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн:
-Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс Сүхбаатар аймгийн удирдлага буюу аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга болон аймгийн холбогдох албан тушаалтнуудыг 2023 оноос эхлэн мөрдөн ажиллагаа явуулж эхлүүлсэн.
Сүхбаатар аймгийн засаг дарга нь нэр бүхий Улсын их хурлын гишүүний үеэл дүүгийн эзэмшлийн Сүхбаатар аймгийн гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай 6700 м.кв, мөн 1359 метр квадрат хоёр хэмжээтэй байрлал бүхий газрын зориулалтыг Газрын тухай хууль болон газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг зөрчиж, зориулалтыг нь өөрчилж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй.
Мөн тус аймгийн Засаг дарга нь өөрийн хадам дүүгийн Баруун-Урт сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 2635 м.кв хэмжээтэй авто угаалга, гараашийн зориулалтай газрын төлбөрөө төлөөгүй байхад хууль тогтоомж зөрчиж, бусдад шилжүүлж давуу байдал бий болгосон байж болзошгүй. Мөн нэр бүхий УИХ-ын гишүүний эзэмшлийн Баруун-Урт суман дахь 3211 м.кв газрын эзэмших эрхийг хамаарал бүхий этгээдэд шилжүүлж давуу байдал бий болгосон.
Мөн архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төсөлгүй барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй нэр бүхий компанийн захиралтай шинэ суурьшлын бүс байгуулах түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулж, 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авах нөхцөлийг бүрдүүлсний хариуд нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлалтай гурван өрөө үл хөдлөх хөрөнгийг хахуульд авсан байж болзошгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.
Тус аймгийн засаг дарга бөгөөд эрх бүхий албан тушаалтнуудыг яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Түүнчлэн Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга өөрийн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглан Баруун-Урт сумаас зохион байгуулсан тендерт өөрийн хамаарал бүхий этгээдийн компанийг шалгаруулсан байж болзошгүй байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.