СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-12

🔴ЧУУЛГАН: Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах хуулийг хэлэлцэж байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 

-Уламжлалт бэлчээрийн мал аж ахуй нь улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал, цаашдын хөгжилд чухал үүрэгтэй бөгөөд манай орны нийт газар нутгийн 72.1%-ийг ашиглаж, ДНБ-ийн 10.5%-ийг үйлдвэрлэж, нийт ажиллах хүчний 21.6% нь тус салбарт ажиллаж байна.

Гэвч дэлхийн дулаарлаас үүдэн сүүлийн 80 жилд агаарын жилийн дундаж температур 2.36 градусаар дулаарч, хур тунадасны хэмжээ 7 хувиар буурсан нь манай орны усны эх үүсвэрт нөлөөлж, хуурайшилт нэмэгдэн, бэлчээр доройтож, мал аж ахуйн үйлдвэрлэлд нөлөөлөн, улмаар экосистемийн үйлчлэлд суурилсан мал аж ахуйн салбарын чадавхийг доройтуулж байгаагаар илэрч байна.

Сүүлийн 70 гаруй жилд манай оронд 13 удаагийн зудын улмаас нийт 45 сая толгой мал хорогдсон бөгөөд 2010 онд нийт малын 22% нь хорогдож, 8.6 мянган малчин өрх малгүй болж, 32.8 мянган малчин өрх нийт малын 50 хувийг алдсан бол 2016 онд зудын хохирлын хэмжээ 18 тэрбум төгрөгт хүрсэн.

Ган зудын давтамж нь малчин өрхийн амьжиргаа, тогтвортой байдал, орлогын эх үүсвэрт сөргөөр нөлөөлж, ядуурлыг нэмэгдүүлэх, хөдөөгөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг эрчимжүүлэх нөхцлийг үүсгэж байна.

Иймд малчдын үйл ажиллагаа, амьжиргаанд шууд болон шууд бусаар нөлөөлж буй хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах, мал аж ахуйн салбарыг тогтвортой, үр ашигтай хөгжүүлэхийн тулд малчдыг төрийн бодлогоор дэмжих, тэдний идэвх санаачилга, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах, хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна.

Хуулийн төслийг уламжлалт мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, малчны хамтын санаачилга, хоршооллыг дэмжих, тэдгээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, улмаар малын чанар, ашиг шим, малын гаралтай бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх замаар мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх зорилгоор боловсруулж, дараах асуудлыг тусгасан. Үүнд:

  • Хуулийн зорилт, үйлчлэх хүрээ;
  • Уламжлалт мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, эрсдэлийг бууруулах, давах туулах арга хэмжээнд баримтлах зарчим, Улсын Их Хурал, Засгийн газар, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн төрийн захиргааны байгууллаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ;
  • Малчин болон хуулийн этгээд болох хоршооны эрх, үүрэг;
  • Бусад зүйл буюу хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага.

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсанаар малчны хууль ёсны эрх ашгийг хамгаалах, иргэний эрхээ баталгаатай эдлэх нөхцөлийг бүрдүүлэх, малчин өрхүүд эдийн засаг, нийгмийн эрэлт хэрэгцээгээ хамтран хангах, нутаг усныхаа бэлчээр, байгалийн нөөцийг тогтвортой хамгаалж, ашигласнаар урт хугацааны тогтвортой амьжиргаа, амьдралын нөхцөлөө сайжруулах боломж бүрдэнэ хэмээн танилцуулав. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.