Баянгол дүүргийн XI хорооны нутаг дахь үерийн даланд 2005 оны арванхоёрдугаар сард Б гэх эмэгтэйг хэрцгийгээр хөнөөж цогцсыг нь “гахай” гэж нэрлэгддэг цүнхэнд хийж орхисон хэрэг гарч байв. Түүнээс нэг жил орчмын дараа 2006 оны арваннэгдүгээр сард бас О гэдэг эмэгтэйг хүчирхийлэн, хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь жалганд хаясан байсан юм.
Эдгээр хэргийг Г.Эрдэнэбат хэмээх, удаа дараа ял шийтгүүлж байсан, 53 настай эр үйлдсэнийг ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд мэргэжлийн ур чадвар гарган 18 жилийн дараа нөхөн илрүүлсэн талаар бид өнгөрсөн арванхоёрдугаар сард мэдээлсэн. Түүнд холбогдох хэргийг цагдаагийн шалгаж дуусжээ. Улмаар НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 10.1-2.1, 10.1-2.4, 10.1-2.6, 10.1-2.7 дахь хэсгийн онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун дарагдуулж хялбарчлах зорилгоор, хоёроос олон хүнийг, хохирогчийн биеэ хамгаалах чадахгүйг мэдсээр байж хөнөөсөн хэмээн яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэнэ.
Г.Эрдэнэбат нь дээрх хоёр эмэгтэйгээс гадна өөр хүний аминд хүрсэн хэрэгтээ ял шийтгүүлэн, шоронд сууж байсан юм. Тодруулбал, 2016 оны хоёрдугаар сард нэгэн арилжааны банканд ажиллаж байсан Н гэх эмэгтэйг хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь шуудайд хийж, ажиллаж байсан гутал засварын газартаа нуусан аж. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Эрдэнэбатыг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, хүний амь хэрцгийгээр хөнөөсөн гэм буруутайд тооцон 25 жил хорих ял оноож, үүнээс тавыг нь гянданд, үлдсэн 20-ийг нь онцгой дэглэмтэй ангид эдлүүлэхээр шийдвэрлэж байсан юм. Хэргийн холбогдогч Г.Эрдэнэбат 2001 онд зургаа, 2008 онд 10 жилийн хорих ял шийтгүүлж, хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан нэгэн гэдэг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.