Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охинтой бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, хэргийг шалгаж эхэлсэн билээ. Хэрэгт холбогдсон цагдаагийн нэг албан хаагчийг цагдан хорьсон юм.
Харин хэрэгт холбогдсон гурван албан хаагчийг түр саатуулж, үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр Сэлэнгэ аймгийн анхан болон давж заалдах шатны сум дундын шүүхээс хэлэлцлээ. Цагдаагийн нэг албан хаагч бага насны хүүхдийг хүчирхийлсэн нь урьдчилсан байдлаар тогтоосон бөгөөд түүнийг нэг сарын хугацаатай хорих шийдвэр гаргажээ. Харин цагдаагийн гурван албан хаагчийг хамтран оролцсон эсэхийг шалгаж байгаа бөгөөд шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна. Энэ талаар Сэлэнгэ аймгийн прокурорын газрын орлогч прокурор Б.Батсүх мэдээлэл өглөө.
Сэлэнгэ аймгийн прокурорын газрын орлогч прокурор Б.Батсүх:
-Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай гомдол 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн. Гомдол бүртгэгдсэн өдрөөс эхлэн энэ хэрэгт хяналт тавьж, мөрдөн шалгах хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд хэргийг шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цугларсан нотлох баримтын хүрээнд прокурор шийдвэр гаргах хуулийн зохицуулалттай.
Мөрдөн шалгах байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгах санал ирүүлснийг прокурор хянаад, нотлох баримтуудад тулгуурлан цагдаагийн нэг албан хаагч бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул таслан сэргийлэх арга хэмжээ авахаар саналаа шүүхэд хүргүүлсэн.
Сэлэнгэ аймгийн анхан болон давж заалдах шатны сум дундын шүүхээс тухайн этгээдийг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан. Энэ хэрэгт бусад цагдаагийн албан хаагчдыг хамтран оролцсон эсэхийг шалгаж байна. Цагдаагийн гурван албан хаагчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу 24 цагийн хугацаанд баривчилсан гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Юу вэ цагдаа нь өөрөө адгуус юм бол хэндээ хандаж хэнээрээр хамгаалуулах болж байна вэ?