Ерөнхий сайдын өргөн барьсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
-УИХ, Засгийн газар ажлаа хийгээд байгаа ч хариуцлага тооцох чадамжгүй байна. Оюутолгойн түр хороонд орж ажилласан, Монголын баялгийг хэрхэн яаж гадныханд өгсөн бэ гэдэг мэдээллийг авсан. Энэ асуудлыг хуулийнханд өгсөн ч хариуцлага тооцсон зүйл байна уу.
Газрын доорх баялгаа судалсан судалгаа хэр бодитой байдаг вэ. “Эрдэнэт” үйлдвэрийн нөөц нь дууссан гэж ярьдаг байсан, бодит судалгаа хийж чадсан байдаг уу. Олгогдсон энэ олон лицензүүдийн хэдэн хувь нь хугацаагүй олгогдчихоод байна вэ?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-И Монгол, Шилэн ажиллагааны хүрээнд мэдээллийг ил тод болгох нь Засгийн газрын үндсэн үүрэг. Гэм бурууг эцэслэж тогтоох нь шүүхийн асуудал. Шүүхийн асуудалд Ерөнхий сайд оролцох нь хуулиараа хориотой.
Шүүхийн хувьд томилогдсон хүндээ үйлчилж байна. Шүүгчид өөрсдөө улс төрөөс хараат бус байж чадахгүй байна. Томилогдсон нэр бүхий шүүгч дээр асуудал байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудал яагаад долоон жил гацав. Яагаад бусад асуудал долоон сарын дотор шийдэгдэж болдог юм. Тийм учраас авлигатай холбоотой асуудал парламентаа зөндөө бужигнуулсан. Парламентын гишүүдийн хосыг шувтарч байгаа юм шиг л пижигнэлээ. Одоо хувь шүүгчийн авлигын асуудлыг хөндөх цаг болсон. Ялангуяа энэ ордын ард шүүгчид, нийслэлийн газрын ард шүүгчид бий. Өөртөө давуу байдал бий боолгох замаар шийдсэн зүйлүүд бий. Засгийн газар үе шаттай оруулж ирнэ.
Эрхэм шүүгч авлига авсан бол хуулийн өмнө хариуцлага хүлээх учиртай. Авлигад идэгдсэн зарим шүүгчээс болж, энэ тэмцэл гацаж байна гэж үзэж байгаа. Хэн, хэн ямар асуудлын ард байсан гэдэг логик дарааллыг удахгүй гаргаж ирж тавина.
“Эрдэнэс Монгол”-ын захирал С.Наранцогт:
-Нөөц, лицензтэй холбоотой асуудалд нэгдлийн хүрээнд байгаа мэдээллийг хуваалцъя.
УИХ-ын 2007 оны тогтоолоор 16 ширхэг стратегийн ордыг стратегийн орд гэж тодорхойлсон. Энэний долоон лиценз нь “Эрдэнэс Монгол” дээр, бусад нь хувийн хэвшилд байна. Хувийн хэвшил өөрөө нөөцөө тодорхойлсон бол 34 хувийг, төсвийн хөрөнгөөр нөөц тогтоосон бол 51 хувийг авах хуулийн хэрэгжилт бусад лиценз дээр хийгдээгүй.
Стратегийн орд болох боломжтой 39 орд байгаа. Энэ ордоос хоёрыг нь “Эрдэнэс Монгол” нэгдэл эзэмшиж байгаа. Бусад орд хувийн хэвшил дээр төрийн эзэмшил тогтоогдоогүй явж байна. Гурван ордын хувьд эзэмшилгүй байгаа. УИХ, Засгийн газар дээр асуудал яригдах боломжтой.
Манай нэгдлийн хувьд хоёр бизнесийн чиглэлээр ажиллаж байгаа. Нүүрс, зэс. Нүүрсний тогтоогдсон нөөцөөс 16 хувийг манай нэгдлийн компани эзэмшиж байгаа. Гэхдээ нүүрсний бизнесээс улсын төсөвт төвлөрүүлж байгаа орлогын 73 хувийг бүрдүүлдэг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ot 51 %mongol ulsiin irgediin umch hubitsaa bolgo