СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2024-04-04

Ж.Ганбат: Ашигтай ажиллаж чадвал ногдол ашгаа жил бүр өгөөд явах нь өөрөө эрүүл систем

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
8 сарын өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш шинээр нэг ч ам нөхцөлтэй гэрээ байгуулаагүй. Цаашид ч байгуулахгүй...

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны хувьцааны ногдол ашиг иргэдийн дансанд шилжиж эхлээд байна.  Та хоёр жил орчмын өмнө тус компанид Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажилласан.  Тухайн үед компанийн нөхцөл байдал ямар байв.  Өнөөдөр иргэдэд ногдол ашиг тараах хэмжээнд хүртэл үйл ажиллагааг жигдрүүлэхэд амаргүй байв уу.  Энэ талаар яриагаа эхэлье?

-Монгол Улсын Засгийн газраас 2022 оны аравдугаар сарын 26-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон. Тухайн үед манай улсын валютын нөөц багассан, эдийн засгийн нөхцөл байдал нэлээд хүндрэлтэй байлаа.

Ингээд тус компанид онц байдал тогтоож, намайг Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгчөөр томилж, хоёр чиглэлд үүрэг өгсөн. Нэгдүгээрт, Монгол Улсад орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх, хоёрдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод болгож, цэгцлэх арга хэмжээ авахыг үүрэг болгосон.

Ингээд томилолт аван ажилдаа орсон. Намайг ирэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК дараа нь нүүрсээ нийлүүлэх тохироотойгоор 603 сая ам.долларыг урьдчилан авсан. Экспортод гаргаж байгаа нүүрсний орлого нь 100 хувь манай улсад орж ирдэггүй. Санхүүгийн зөрчил ихтэй. Өр, авлага нэмэгдсэн, эмх замбараагүй, ойлгомжгүй олон асуудал үүссэн байдалтай байсан. Энэ нь цаашлаад манай улсын эдийн засаг болоод валютын нөөц багасахад нөлөөлж байгаа нь ойлгомжтой.

“Эрдэнэс Тавантолгой” компани 2011 оноос нүүрс экспортолж эхэлсэн түүхтэй. Ингээд нэн тэргүүнд түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарсан. 2022 оны аравдугаар сарын 26-нд  томилогдон ирээд 2023 он гартал хоёр сарын хугацаанд 500 сая.ам долларыг Монголд оруулж ирэх үүрэг хүлээж, зорилтдоо хүрсэн. Компанийн үйл ажиллагааг эрчимжүүлж, хөрс хуулалт, олборлолтоо нэмж, өдөрт 300 гаруй машин гардаг байсан тоог 1100-гаас эхлээд оргил үедээ 1600 машин хүртэл гаргасан. Мөн хөрс хуулалт, олборлолт хийдэг компаниудын өрийг барагдуулсан. 2022 оны арваннэгдүгээр сар гэхэд 150 орчим тэрбум төгрөгийн өр үүссэн байсныг бүрэн барагдуулж, дотоодын компаниуддаа ч асуудал үүсгэхгүй, санхүүгийн том дэмжлэг болсон.

Ер нь богино хугацаанд нэлээд эрчтэй ажилласан. Үүнд, компанийн ажилчдынхаа болон монгол тээвэрчдийн оруулсан хувь нэмрийг ч бас онцлох нь зүйтэй. Ингээд эхний хоёр сарын хугацаанд 500 сая.ам долларыг Монголд оруулж ирэхийн зэрэгцээ урьдчилан авсан 603 сая ам.долларын өр төлөх ажлыг эхлүүлж, 2023 оны есдүгээр сард бүрэн төлж барагдуулсан.

Үүнээс хойш экспортод гаргаж байгаа нүүрсний орлого 100 хувь Монгол Улсад орж ирж, тэр хэрээр валютын орох урсгал нэмэгдэж байна. Өнөөдөр Монгол Улсын валютын нөөц 5.3 тэрбум ам.долларт хүрлээ. Чамлахааргүй амжилт шүү.

-Та валютын урсгалыг нэмэгдүүлэх нэгдүгээр зорилтоо бараг 100 хувь биелүүлсэн гэж ойлголоо.  Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг олон нийтэд ил болгож, цэгцрэх дараагийн зорилт тань хэдэн хувь биелсэн бол?

-Яг үнэндээ амар байгаагүй. Э. Мөн нүүрс борлуулахдаа ямар компанид, ямар үнээр, хэчнээн хэмжээний нүүрс зарж байгаа вэ гэсэн гэрээ болон процессыг нь нээлттэй зарласан. Нүүрсний ам нөхцөлтэй буюу амнаас хямд үнээр зарж байсан гэрээнүүдийг дуусгавар болгосон. Зарим нэг дүрэм, журамд өөрчлөлт оруулсан асуудал бий.

Түүнчлэн .

Энэ мэт ил тод болж, ажилласны үр дүнд 2022 оны аравдугаар сарын 26-аас 2024 оны гуравдугаар сарын 31-нийг дуустал хугацаанд 50 сая тонн нүүрс борлуулсан. Үүнээс 30 орчим сая тонныг 2023 онд борлуулж, 5.1 тэрбум ам.долларын орлого олж, 4.2 их наяд төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүллээ. Үүнд Биржийн тухай хууль бас их үүрэг гүйцэтгэсэн. Улсын Их Хурлаас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан. Хуулийн хэрэгжилт өнгөрсөн оны долдугаар 1-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ үйл ажиллагаанд манлайлж, хуулийн хэрэгжилтээс өмнө буюу өнгөрсөн оны хоёрдугаар сараас биржийн арилжааг туршилтаар эхлүүлсэн.

Ингэснээр уурхайн амнаас гарч байгаа сайн чанарын коксжих нүүрсийг 100 орчим ам.доллараар зардаг байсан бол биржээр хамгийн оргил үедээ 190 орчим ам.доллароор зарсан. Эрчим хүчний нүүрсийг 10-20 ам.доллароор зарж байсан бол 50 гаруй ам.долларт хүргэж чадсан. Сул коксжсон нүүрсийг оргил үедээ 140 орчим ам.доллароор зарж байсан.

Ингэснээр компанийн орлого 2023 онд 700 гаруй сая ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ бол Биржийн арилжааны ач холбогдол.  Мөн бид онцгой дэглэм тогтоосноос хойш  нэг ч компанитай ам нөхцөлтэй гэрээ шинээр байгуулаагүй. Цаашид ч байгуулахгүй. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн цаашдын стратегид ч энэ талаар тусгаж, бүх арилжаа биржээр нээлттэй ил тод явагдана. 

Өөрөөр хэлбэл, Биржийн хууль нь нүүрсний бизнес дагасан, далд хэлбэртэй хэн авсан нь мэдэгддэггүй, “хулгай”-гаас энэ компанийг салгах том хөшүүрэг болж байна

“Бүх зүйлийн урхаг нь далд, хаалттай байсанд л байгаа юм”

-Олон жил далд хэлбэртэй явагдсан арилжаа болон гэрээнүүдийг ил болгож, биржийн арилжааг нэвтрүүлэхэд мэдээж олон хүний эрх ашиг хөндөгдөж тэр хэрээр эсэргүүцэлтэй тулсан болов уу?

-Тэгэлгүй яахав. 2023 оны эхээр бид биржийн арилжааг эхлүүлж, тээврээрээ Ганц модны боомт дээр хүргэж өгөхөд асар том бэрхшээлүүдтэй тулсан. Боомтоор нэвтрүүлэхгүй гэсэн эсэргүүцэл хүртэл байсан. Зохион байгуулалттайгаар биржийн арилжааг зогсоох оролдлогууд хийж байлаа. Янз бүрийн худал ярианууд гарч, нөлөөллийн хүчин зүйлүүдийг ч явуулж байсан.

Тэр бүхнийг бид хамтдаа даван туулсан. Одоо биржийн арилжаа харьцангуй тогтворжиж, Ганц модны боомт дээр хүргэж өгч байгаа тээвэрлэлтийнхээ давтамж хугацаан дээр л онцгой анхаарч байна.  Нүүрсээ бид биржээр гаргаад хүргэж өгдөг үйл ажиллагааг нэвтрүүлсэн.  Үүнийг Ганц модны боомт дээр Монгол тээврийн компаниуд хийж байна. 

Тээврийн компанийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарласан. Тээврийн компаниуд 2021 онд төсөвт 30 орчим тэрбум төгрөгийн татвар төлдөг байсан бол 2022 онд 97 тэрбум, 2023 онд 230 тэрбум төгрөгийг татвар төлдөг болсон байна. Энэ хэмжээгээрээ Монгол тээвэрчдийн ашиг орлого нэмэгдэж байсан гэсэн үг.

Нөгөө талаар ний нуугүй хэлэхэд, энэ компани дээр онцгой дэглэм тогтоосны дараах 4-5 сарын хугацаа асар хүнд байсан шүү. Гэсэн ч өнөөдөр үр дүнгээ харахад ямар ч гэсэн зорилтуудаа биелүүлсэн байна.

2023 онд 2.8 их наяд төгрөгийн татвар төллөө. Монгол  Улс түүхэндээ байгаагүй нүүрсний экспорт хийлээ. Жилд 70 сая битгий хэл 50 сая тонн нүүрс экспортолно гэхэд хүмүүс итгэдэггүй байсан цаг үе саяхан шүү дээ.

Өнгөрсөн жил л гэхэд төсөвт тодотгол хийхдээ нүүрсний экспортыг 50 сая тонн хүргэнэ гээд парламентад аваад ороход итгэхгүй байсан. Намайг “Чи арай дэндүү попроод байна. Улстөржөөд байна” гэж хэлж байсныг санаж байна.

Гэтэл бид 50 биш 70 сая тонныг экспортоллоо. Үүний 40 орчим хувь буюу 30 орчим сая тонныг “Эрдэнэс Тавантолгой”  ХК дангаараа экспортолсон байна. Үүнээс дүгнэхэд бид тодорхой зорилт тавиад түүнийхээ төлөө бодлого хэрэгжүүлээд явахад болохгүй зүйл байхгүй юм байна.

Монгол Улс уул уурхайн орлогоороо цалин тэтгэврээ нэмлээ. Нөгөө талдаа валютын ханш буурсан үзүүлэлттэй байна.  Нэг ам.доллар 3500 руу дөхөж байсан бол өнөөдөр 3300 орчим болж, тогтворжсон байна.  Энэ нь ихэнх бараа бүтээгдэхүүнээ импортоор авч байгаа манай улсад бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжиж, өсөлтөөс урьдчилан сэргийлэх нэг хөшүүрэг болж байна. 

Засгийн газрын зөв бодлого, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1000 гаруй ажилчид, Монгол тээвэрчид, уурхайчдын хувь нэмэр юм. Одоо цаашдаа энэ ололт амжилтаа яаж тогтвортой авч явах вэ гэдэг нь чухал байна.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өмнөх удирдлагуудыг муу ажилласан гэж дүгнэдэггүй л дээ. Олон жил ашиггүй ажилласан компани ашгаа өгч эхэлсэн. Та БЭТ-ийн хувьд компанийн засаглалын хямрал хэзээнээс, юунаас үүдэлтэй гэж харсан бэ?

-Нүүрсний бизнес дагасан далд хэлбэрийн худалдан авалтуудыг нэлээд эртнээс ил болгох шаардлагатай байжээ л гэж харсан. Тухайлбал, хэн гэж хүн гэрээ хийдэг вэ гэдэг нь ч тодорхойгүй, нууц хэлбэртэй. Хэрэгжүүлж байгаа төслийн санхүүжилт, сонгон шалгаруулалтууд ч далд. 

Энэ нь “Эрдэнэс Тавантолгой”-д хулгай нүүрлэхэд нөлөөлж, засаглалын хямрал үүсгэсэн. Бүх зүйлийн урхаг нь далд, хаалттай байсанд л байгаа юм. Нөгөө талдаа төрийн өмчит компанийг улс төрийн нөлөөлөлтэйгөөр удирдах нь үнэхээр буруу байжээ. Улс төрөөс хараат бусаар компанийнх нь, бизнесийнх нь зарчмаар засаглалыг зөв байлгах нь чухал юм байна.

Түүнээс биш улс төрийн зорилгоор хэн нэгэн улстөрч ирээд баахан улс төрийн томилгоо хийгээд, хоорондоо талцаж хуваагдаад эхэлбэл, дампуурал руу л явна. Үүнийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн өнгөрсөн 10 гаруй жилийн түүх хангалттай харуулдаг. Удахгүй энэ компани дээр тогтоосон онцгой дэглэмийн хугацаа дуусна. 

Цаашид компанийн засаглалыг хамгийн нэгдүгээрт, улс төрөөс ангид хараат бус байлгах хэрэгтэй. Хоёрдугаарт, компанийг зөв зүйтэй, ном журмаар нь хууль ёсны дагуу удирдах, цаашид хөгжих боломжийг харж тодорхойлох ийм хүнээр удирдуулах хэрэгтэй.  Олон улсын жишигт ч төрийн өмчийн томоохон компанийн удирдлагууд бизнесийнхээ төлөвлөгөөний дагуу үр ашгаа нэмэгдүүлэхийн төлөө л явдгаас биш хэн нэгэн улстөрчийн, намын эрх ашгаар яваад сайн сайханд хүрэхгүй ш дээ.

Тэгэхээр бид бусад орны жишгээр төрийн өмчийн компаниудынхаа засаглалыг ч сайжруулаад  явах нь чухал байна.

“Уучлаарай боломжгүй,  би хууль зөрчиж чадахгүй гэж хэлдэг цаг ирчихээд байна”

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд компанид улс төрөөс ангид байх дархлаа, хөрс бий болж чадсан уу. Дахиад эрсдэл хүлээхгүй гэсэн баталгаа байна уу?

-Онцгой дэглэмийн үед компанийн засаглалыг сайжруулах гэж нэлээд хичээсэн. Цаашид гүйцэтгэх захирал, удирдлагыг томилохдоо хариуцлагыг өндөрсгөөд ажиллах боломжоор хангаж өгөх хэрэгтэй.  Гуравдугаарт, төрийн өмчийн компани нээлттэй ил тод байхаас гадна төрийн байгууллагуудтайгаа их ойр ойлголцож ажиллах шаардлага үүсдэг. 

Тэгэхгүй төр компани хоёр нь хоёр тийшээ хараад суучихвал ажил явахгүй гэдгийг бид хангалттай харсан. Тэгэхээр төрийн өмчийн компанийг удирдана гэдэг төртэйгөө бас учраа олчихдог байх хэрэгтэй.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өмнөх удирдлагууд бараг бүгд л асуудалд орсон байдаг. Зарим нь хорих ял авч, шоронд орчихлоо.  Та энэ албан тушаалын томилгоог яаж хүлээж авсан бэ. Энэ гунигтай ч гэх юм уу сонин давтагдал магадгүй ингээд дуусах байх гэж найдаж байна?

- Би нэг л зарчимтай ажиллаж байгаа. Аливааг яг л хууль ёс, журмынх нь дагуу, нээлттэй ил тод явуулна. Одоо ч энэ зарчмаасаа ухраагүй. Ийм тохиолдолд аливаа хууль бус асуудалд орно гэж байхгүй. Ямар нэгэн  байдлаар шалгагдахыг үгүйсгэхгүй. Хийсэн ажлуудаа журмынх нь дагуу шалгуулаад л боллоо.

Ер нь хүн яагаад хэрэгт ордог вэ гэхээр ямар нэгэн байдлаар хууль зөрчөөд, ил тод биш хаалттай байдлаар үйл ажиллагаа явуулсанд байгаа юм. Үүн дээрээ л унадаг.

Одоо компани олон худалдан авалт хийж, биржийн арилжаа ч зарлаж байна. Би хүмүүстээ хууль ёсны хүрээнд бүх ажиллагааг явуулах шаардлага тавьдаг. Энэ зарчмаа бариад явахад асуудал үүсэхгүй л гэж харж байна.

Ер нь хаалттай байдлын хор уршиг их л дээ. Өнөөдөр та бүхэн манай компанийн цахим хуудас руу ороод үзээрэй. Нүүрсний олборлолтоос эхлээд  нүүрсээ хүргэх хүртэл бүх процесс ил тод байгаа.  Ямар компаниудтай гэрээ байгуулсан бүх нэрүүд нь байна. Яг үнэндээ бидэнд өнөөдөр нууж хаагаад байх зүйл юу ч алга.  Энэ нь ч амар байхгүй юу. 

Би энэ ажлаа өгсөн ч бүтэн нойртой хономоор байна ш дээ. Олон нийтийн дунд нүүр бардам явах нь миний зарчим, зорилго. Түүнээс биш нэг юм буруу хийчхээд түүнээсээ айж зугтаад тайван алхаж чадахгүй байвал надад тухгүй, би ч тэгж чадахгүй. Надтай уулзъя гэсэн хүн олон байдаг. Бүгдтэй нь уулзахыг боддог, ил тод нээлттэй ажиллах зарчмаа л хэлдэг.

-Та яриандаа эдийн засгийн асуудлыг ил тод болгоход амар байгаагүй гэсэн. Зарим нэг дарамт шахалт, хүнийг хэрэгт хийчих гээд байдаг талтай юм билээ.  Ийм зүйл ажиглагдаж байв уу?

-Дахиад л хэлье. Аливааг ном, журмаар нь явуулаад байхад хэн ч “хууль зөрчөөч гэж” шахаж чадахгүй. Тухайлбал, би хүн ажилд авахдаа сонгон шалгаруулалтаар авна. Аливаа асуудал хүн ажилд авахаас л эхэлдэг. Утсаар яриад л “тийм хүн аваач ийм хүн аваач” гэдэг. Нуугаад байх юм байхгүй. Би оролцдоггүй. 

Бид саяхан 40-50 хүн сонгон шалгаруулалт явуулж ажилд авсан. Удирдлагын оролцоо байгаагүй. Шаардлагуудаа  зөв тавиад ил тод явсны үр дүнд асуудал үүсээгүй. Мөн тендер сонгон шалгаруулалтууд бүгд манай цахим хуудас дээр ил тод бий. Ер нь тендер гэдэг үг нөгөө талдаа авлига гэж ойлгогдож ирсэн нь үнэн шүү дээ. Заавал нэг танил тал, авлига байж болохгүй. Бид үүнээс салсан, хэн чаддаг нь тендерээ аваад гүйцэтгээд явах тийм боломж бий.

Ер нь цаашид төрийн өмчит компанийн удирдлагыг хараат бусаар ажиллах боломжийг нь илүү нээж өгөх хэрэгтэй. Уучлаарай боломжгүй, би хууль зөрчиж чадахгүй гэж хэлдэг цаг үе ирчихээд байна. Өмнө нь бүх зүйл нь далд хэлбэртэй байхад нэг дарга сайд нь энэ ажлыг бүтээ болго гээд дарамталдаг байсан байх. Өнөөдөр ил тод болсноор цаг үе өөр болсон.

“Далд эдийн засаг ил болсны үр ашгийг иргэд хүртэж байна”

-Далд эдийн засаг гэдэг зүйлийг их ярьдаг боллоо. Та эдийн засаг,  санхүүгийн салбарт олон жил ажилласан хүн. Хэзээнээс бий болсон гэж боддог вэ?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд 2011 оноос нүүрсний анхны экспортоо эхлүүлсэн.  Өнгөрсөн хугацаанд бүхий л гэрээнүүд нь аман ярианы байдлаар далд явж ирсэн. Тэр хэрээр далд эдийн засаг бий болж, зузаарсаар өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Хэрэв өнөөдөр бид төрийн өмчит уул уурхайн компаниа ингэж ил тод нээлттэй болгоогүй бол 700 гаруй сая ам.долларын орлогоо алдах байсан. Энэ орлого далд хэлбэрээр, хэн нэгний халаасанд л явж байх байж л дээ. Ингэж ил тод болсон нь цаг үеэ олсон. Олон нийтийн хяналт ч нэг үеэ бодоход сайжирсан байна.

-Асуудлыг гаргаж тавиад ил тод болгож болж байна.  Нөгөө талаар хариуцлагын асуудлыг яах ёстой вэ?

-Мэдээж хууль хяналтын байгууллагууд ажиллаж байна. Гэхдээ бидний зүгээс нэг зүйлд онцгой анхаарч байгаа. Үйл ажиллагаагаа ил болгочихлоо. Цаашид хяналтыг сайжруулахад анхаарах нь зүйтэй. Уурхай дээр шуурхай удирдлагын төв байгуулахаар зорьж байна.

Ер нь тогтолцооны хувьд зөв болгож, шуурхай, ил тод болгох нь л хамгийн зөв. Ялангуяа “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр нууж хаах асуудал гарах ёсгүй гэдгийг би хатуу анхааруулж ирсэн.

-Ямар ч гэсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК засаглалын хувьд сайжирч, ашиг орлого олдог, түүнийгээ нуудаггүй боллоо.  Ашгаа иргэдэд тараахгүйгээр бүтээн байгуулалтуудад зарцуулах ёстой гэж үздэг хүмүүс байдаг.  Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 18 орчим хувийг 2012 оноос өмнө төрсөн 2.5 сая иргэн эзэмшдэг байсан. Саяхан парламент шийдвэр гаргаж, компанийн 26 хувийг 3.4 сая иргэн эзэмшихээр болсон.

Ногдол ашиг тараах уу, тараахгүй юу гэдгээс илүү компани засаглалын хувьд зөв болоод үнэхээр ашигтай ажиллаж байвал шийдвэрээ гаргаад ногдол ашиг тараадаг байх нь өөрөө эрүүл систем  

Ногдол ашиг тараана гэдэг нь нөгөө талдаа энэ компани ямархуу байдлаар ажиллаж байгаа вэ гэдгийг үр дүн. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК цаашид ногдол ашгаа жил бүр тараагаад явна. Ингэхдээ ямар нэгэн улс төрийн агуулгагүйгээр, ил тод нээлттэй байна.

2023 онд 3.9 их наядын ашигтай ажилласан. Үүнээс хөрөнгө оруулалтын төслүүдээ тооцоод, үйл ажиллагаагаа өргөжүүлэх ажлуудаа ч санхүүжүүлээд үлдсэн ашгаа хувьцаа эзэмшигчдэдээ тарааж байгаа ийм л эрүүл систем.

Удахгүй парламент Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх гэж байна. Том зургаараа энэ сангийн үйл ажиллагаатай мэдээж уялдаад явах болов уу. Өмнө нь 2019 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нэг тэрбум ам.долларын борлуулалт хийсэн. Тэр ашгаасаа Гашуун сухайтын төмөр зам, Зүүнбаянгийн төмөр замын төслийг санхүүжүүлсэн. Би тэрийг нэг их буруу бодлого гэж хардаггүй. Ер нь төмөр замын төслүүдийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас салгаж ойлгох аргагүй юм. Удахгүй Гашуунсухайтын боомт маань урд хөрштэй төмөр замаараа холбогдчихвол  нүүрсний экспорт улам л нэмэгдэнэ.

Холболтын төмөр замын санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцаж байна.   Дараа нь Хангийн төмөр замаар нүүрсээ тээвэрлэх ийм төлөвлөгөөтэй байна.

-Ил тод нээлттэй болгоход олон нийтийн дэмжлэгээс эхлээд компанийн ажилчдын хандлага уур амьсгал бас их чухал байсан болов уу?

-Тэгэлгүй яахав. Би анх нийт ажилчидтай уулзахдаа хэлсэн. “Бид энэ компанийг нээлттэй ил тод болгож чадна. Энэ үйл ажиллагаанд сэтгэл зүрхээрээ хандвал та бүхний нийгмийн асуудлууд тодорхой хэмжээнд шийдэгдэж чадна” гэсэн. Яг хэлснээрээ л ажилласан. Цалингийн систем шинэчлэгдэж нэмэгдсэн. Урамшууллыг ч бид нэмж байна. Цаашид ч цалин, урамшууллаа нэмэх бодлого барина. Монголын уул уурхайн компаниуд дундаа манай компанийн цалин нэлээд өндөртөө орж чадсан. Иргэд маань эх орондоо хөдөлмөрлөөд сайхан амьдрах эрхтэй.

“Ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонн болгож баталсан”

-Төрийн өмчит компаниуд хамаг муугийн жишээ гэдэг шалтгаанаар парламент нэг ч төрийн өмчит компани нэмж байгуулахгүй гэсэн заалттай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.  Төрийн өмчит компанийн удирдлагаар ажиллаж байгаа хүний хувьд энэ хуулийн үзэл санааг хэр зөв  гэж үзэж байна вэ?

-Энэ үзэл санаанаасаа салах хэрэгтэй л дээ. Төрийн өмчит компаниудаа муучилж үзэх нь буруу. Төрийн өмчит компани болгон муу байна гэж байхгүй. Захирлууд нь бүгд асуудалтай биш шүү дээ. Яагаад энэ үзэл санаа үүссэн гэхээр буцаад л нөгөө хаалттай, далд байдалтай л холбоотой. Үүнийгээ дагаад нийгэм, олон нийт ч тийм хандлагатай болчихсон.

Бид дахин төрийн өмчит компани байгуулахгүй гэхээс илүү засаглалыг сайжруулах, хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох чухал. Төр муу менежер гэсэн ойлголт ард үлдсэн

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд цаашид биржийн арилжаагаа улам сайжруулаад явах хэрэгтэй. Биржийн хуулийг батлуулахад манай уул уурхайн сайд Ж.Ганбаатар манлайлал үзүүлж ажилласан.  Бид нүүрсээ биржээрээ асуудалгүй зарж байна. Төмрийн хүдрээ зарж байна. Одоо зэсээ зарах гэж байна. 

Анх биржээр түүхий эдээ зарж эхлэхэд үгүйсгэх, чадахгүй, бүтэхгүйгээр нь дуудах, янз бүрийн дарамт ч ирж байсан. Тэр бүхнийг даваад л гарсан шүү дээ. Яг үнэндээ далд хэлбэрт байх нь ашигтай хүмүүс янз бүрийн хандлага гаргах нь тодорхой байсан. 

-Биржээр арилжаалахад манай нүүрсийг худалдан авдаг тал яаж хандаж байсан бэ?

-Асуудал гараагүй. Харин манай дотоод талаас эсэргүүцэгчид нэлээд гарч ирсэн. Хүмүүсийг турхирсан, уриалсан. Зарим нэг нь урагшаагаа биржийн арилжаанд оролцсон хүмүүсийг няцаасан асуудал ч бий.

Одоо “Эрдэнэс Тавантолгой” ХК долоо хоног болгон заримдаа долоо хоногт 2-3 арилжаа хийж байна. Нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлж, томоохон арилжаануудыг нь туршиж үзэж байгаа. Маш амжилттай болж байна. Хамгийн багадаа гурав, түүнээс дээш тав, таваас ч олон оролцогч нартай биржийн арилжаа хийж, бидний зарласан үнийг 40 хувь хүртэл өсгөж авсан тохиолдол байна.

Яг л бизнесийнхээ өрсөлдөөний зарчмаар ажиллах боломжтой болсон.  Мөн өнгөрсөн долоо хоногоос Ханги-Мандал гээд шинэ боомтоор биржийн арилжаа хийж, амжилттай болсон. Энэ мэтчилэн экспортоо нэмэгдүүлэхэд илүү анхаарч байна.

-Түүхий нүүрс гаргах цонх үе 5-6 жил гэж ярьдаг. Энэ бодитой болов уу.  Ер нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн алсын хараа, амбийцийг та хэрхэн харж байна вэ?

- Компани өмнө нь орлого олохын тулд ихэвчлэн сайн нүүрсээ зардаг байсан. Цаашид аль болох сорчлохгүй байх  бодлого баримталж байна. Түүхий нүүрсний экспорт хумигдана гэсэн яриа бий. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК өөрийн санхүүжилтээр жилийн 10 сая тонн нүүрс угааж, баяжуулах хүчин чадалтай үйлдвэр барьсан. Энэ тавдугаар сарын сүүлээр ашиглалтад орох гэж байна.  Энэ үйлдвэртээ нүүрсээ угаагаад гаргаад байвал дахиад нэмэлтээр нэг тонн нүүрснээс 50-60 ам.долларын орлого олох боломж байна. 

Мөн сүүлийн үед хэл ам болж яригдаад байгаа хувийн хэвшлийн “Админерал” компанийн таван сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай хуурай боловсруулах үйлдвэр ашиглалтад орох дөхсөн байна лээ. Хэрэв ашиглалтад орвол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн болон компанийг түшиглэсэн нийт 15 сая тоннын хүчин чадалтай боловсруулах үйлдвэртэй болно гэсэн үг.

Цаашид ирээдүйдээ яах вэ, хэрхэн өргөжин хөгжих вэ гэсэн асуудлаар судалгаа шинжилгээ хийж байгаа зүйл бий. Коксын үйлдвэртэй болох ч яриа бий. 

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК хайгуулын ажил явуулж, саяхан Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлсэн. Тус мэргэжлийн зөвлөлийн хурлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ордын нөөцийг 1.8 тэрбум тонн буюу 29 хувь нэмэгдүүлж, нөөцийг 8.1 тэрбум тонн болгон баталсан байгаа.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсийг боловсруулаад гаргаад эхэлбэл АМНАТ төлөх үү.  Төрийн өмчит компани хуулийн ямар зохицуулалттай байдаг вэ?

-Төлөлгүй яахав. Уул уурхай бүтээгдэхүүний хууль эрх зүйн хүрээнд бүх асуудлаа шийдээд явна.  Ашиглалтад орсны дараа туршилт хийгдээд боловсруулах үйлдвэрийн маань үйл ажиллагаа нэг жилийн дараагаас жигдэрчих болов уу гэж харж байна.  Тэгэхээр экспортын орлого дахиад ч нэмэгдэх боломжтой. 

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 66 (7310)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.