Хүн барьцаалсан, хүчээр алга болгосон, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бусдын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт холбогдсон Б.Баатарсүрэн, П.Дандин, Г.Билгүүн, Б.Билгүүн, Б.Мөнгөнхүү, С.Шагдаррагчаа, Х.Алдар, Ю.Ууганбаяр, Б.Одбилэг, БНХАУ-ын иргэн Зан Рүди нарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.
Өмнөд хөршийн нэр дурдсан иргэн нутаг нэгтэндээ халдах захиалгыг Б.Баатарсүрэнд өгч мөнгө төлснөөр дээрх хүмүүс нийлж, 2023 оны тавдугаар сарын 17-нд Жан гэх хятад эрийн эрүүл мэндэд хохирол учруулсан аж. Үүний дараа Г.Билгүүний хамаарал бүхий Ш гэдэг хүнийг бусдаас зээлсэн мөнгөө өгөхийг шаардан барьцаалж, Налайх дүүргийн нутагт аваачин хутга тулган эрүүл мэндэд нь халдаад зогсохгүй хууль бусаар хорьж, хэд хэдэн дүүргийн нутаг дэвсгэрээр дамжуулан авч яван хүчээр алга болгох хэрэг үйлдсэн байна. Тэд үүнээс өмнө 2021 онд Гандантэгчэнлин хийдийн гадаа, Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дахь зочид буудал, баар, караоке бүхий үйлчилгээний төвийн дэргэд нэг бус иргэнд халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан хэрэгт холбогджээ. Бас тэдний нэг нь архины онцгой албан татварын хуурамч тэмдэгт их хэмжээгээр хадгалж, ашигласан хэрэг өдүүлсэн гэнэ.
Шүүх дээрх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хоёр өдөр хэлэлцээд Г.Билгүүн, С.Шагдаррагчаа, Х.Алдар, Ю.Ууганбаяр, Б.Одбилэг нарын хүнийг хүчээр алга болгосон гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгожээ. Харин Б.Баатарсүрэн, П.Дандин, Г.Билгүүн, Б.Билгүүн, Б.Мөнгөнхүү, С.Шагдаррагчаа, Х.Алдар, Ю.Ууганбаяр, Б.Одбилэг, БНХАУ-ын иргэн Зан Рүди нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан, бүлэглэж бусдыг заналхийлсэн, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэм буруутайд тооцсон байна. Мөн Б.Одбилэгийг хуурамч үнэт цаас ашигласан, хадгалсан гэм буруутай гэж дүгнэв. Улмаар Б.Баатарсүрэн, П.Дандин, Б.Билгүүн, Ю.Ууганбаяр, Х.Алдар, Б.Одбилэг, БНХАУ-ын иргэн Зан Рүди нарт нэгээс хоёр жил 11 сарын хугацаагаар хорих ял шийтгэв. Г.Билгүүн, Б.Мөнгөнхүү нарт нийтэд тустай ажил хийлгэх ял оноожээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.