УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга асан Ж.Батзандан Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрээр "Эрх баригчид намайг гурав дахь удаагаа шоронд хийж байна. Эхний удаад жагсаал цуглаан зохион байгуулсан гэж хорьж байсан бол, саяны удаад "хэрээ мэдэхгүй дарвалзсан" гэж гурван сар хорьж шалгасан" гэв.
Түүнд холбогдох хэрэг саяхан хэрэгсэхгүй болсон учир ардчилсан намууд нэгдэж, нэг блок болбол сонгуульд нэр дэвшихээ илэрхийлэв.
УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга асан Ж.Батзандан:
-Эрх баригч нам намайг гурав дахь удаагаа шоронд хийж байна. Эхний удаад жагсаал цуглаан зохион байгуулсан гэж хорьж байсан. Өнгөрсөн удаад "хэрээ мэдэхгүй дарвалзсан" гэж 461-д гурван сар хорьж шалгалаа. Миний ариун цэврийг хоёр жил шалгаад, "ариун цэвэр онц сайн байна" гэж НПГ-аас хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа. Намайг нүүрсний хэрэгт ямар ч холбоогүйг нотоллоо. Миний зөвлөхийн банкнаас авсан зээл төлөгдсөн байна гэдгийг баталсан. Би эрх чөлөөтэй болсон учир одоо үгээ хэлнэ.
Сая энэ Төрийн ордонд эрх баригчид мөрийн хөтөлбөрөө 95 хувь биелсэн гэж ярьж байна лээ. Минийхээр 20 хувь биелсэн. Ордонд амьдрал сайжирсан байж магадгүй. Олон мянган аж ахуйн нэгж дампуурч, ажилгүйдэл эрс нэмэгдлээ, айлуудын хөргөгч хоосон байна, иргэдийн хэтэвч мөнгөгүй байна. Иймд, эрх баригчдын өнгөрсөн найман жилийн ажилд дүн тавьж, Сүхбаатарын талбайд Их хуралдай зохион байгуулна. Сая би Д.Мөнх-Эрдэнэтэй ярьсан. "Жагсаалд оролцоно" гэсэн. Үг хэлсний төлөө хоригдсон бүхэн жагсана.
-Та сонгуульд нэр дэвших үү?
-ШИНЭ болон АН, ИЗНН-ын удирдлагуудад би хандсан. Ардчиллын намууд нэгдэж блок болъё оо, тэгэхгүй бол ялагдана. Эрх баригчдын "хувааж, захир" гэдэг мэхэнд орохгүй байх цорын ганц арга бол нэгдэж нэг блок болох. Хэрэв нэгдвэл би нэр дэвшинэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.