Их хэмжээний цас орж шууран, үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас өнөөдөр Хөшигийн хөндийн хурдын зам болон Улаанбаатараас Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто замд олныг хамарсан зам тээврийн осол гарсан талаар бид мэдээлсэн.
Эдгээр ослоос үүдэн бэртэж гэмтсэн нийт 14 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт хүргэгдэн ирж, тусламж үйлчилгээ авсан байна.
Тухайлбал, Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто замын осолд өртсөн гурван иргэний хоёр нь анхан шатны тусламж үйлчилгээ авч буцсан бол, нэг иргэн тус төвийн салбар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Харин Хөшигийн хөндийнд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлын хурдны замын осолд өртсөн нийт 11 иргэнээс ес нь анхан шатны тусламж үйлчилгээ авч буцжээ. Хоёр иргэн тус төвийн Эрчимт эмчилгээний тасаг болон Толгойн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчийн биеийн байдал хүнд байгаа бол, Толгойн мэс заслын тасагт хэвтсэн үйлчлүүлэгч нь гавал тархи, нүүрний нийлмэл гэмтлийн оноштойгоор тусламж үйлчилгээ авч байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.