Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг Төв цэнгэлдэхийн газрын асуудлаар АТГ-т хандаж байгаагаа мэдэгдэн, хэвлэлийн бага хурал хийв.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг:
-Төв цэнгэлдэх хүрээлэнг 2007 оны тавдугаар сарын 15-нд улсын бүртгэл дээр 100 хувь, хувь хүний эзэмшил гэж бүртгэсэн асуудлыг гэмт хэргийн шинж чанартай, Эрүүгийн хуулийн 22.1-д заасан "албан тушаалаа урвуулан ашигласан" гэж үзэж, АТГ-т хандаж байна.
Улсын бүртгэлд материал гаргаж өгөхөөс гурав хоногийн өмнө тухайн үеийн эзэмшигч Т.Нямдаваа 28 орчим хувийг эзэмшдэг байсан. Мөн, иргэн Жавзмаа 0.45, Т.Нямдаваа 0.92, З.Ариунаа 0.61, Т.Нямдаваа 28.2 хувь гээд дөрвөн хүн дээр нийт 30 хувь нь байсан. Гэвч Улсын бүртгэл дээр хувь хүн дээр 100 хувь гэж бүртгэсэн.
НИТХ 2006 онд шийдвэр гаргаж иргэн Т.Нямдаваад 51 хувь, Нийслэлд 49 хувийг олгосон. Тухайн үеийн НИТХ-ын дарга Н.Болормаа "Энэ нь хууль бус байна" хэмээн шүүхэд хандаж байсан байх юм.
Сүүлийн үеийн мэдээллээр, 2020 онд энэ асуудлыг шалгахаар ажлын хэсэг байгуулагдсан. Ахлагчаар нь НИТХ-ын төлөөлөгч П.Ганзориг ажиллаж байсан боловч удалгүй ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр ажлын хэсэг татан буугдсан байна. Энэ мэт асуудлууд байгаа учир өнөөдөр АТГ-т хандаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.