Ус ба дайн буюу “Water and War” гэдэг үгийг хэрэглэсэн нь усны нөөц, хэрэглээ, хомсдолын одоогийн нөхцөл байдлыг харуулах хүчтэй илэрхийлэл юм. Дэлхий даяар усны зохистой хэрэглээ, усны үнэ цэнийн талаар хэлэлцэж 1993 оноос хойш жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэдэг болсон.
Гэвч хүмүүсийн усанд хандах хандлага, ойлголт, бодит хэмнэлт олон нийтийн дунд хангалттай биш байгааг усны мэргэжилтнүүд сануулсаар.
“Water stress 2040” гээд 2040 он гэхэд дэлхийн улс орнуудад усны нөхцөл байдал, хомсдолыг тооцоолсон зураглал гаргасан байдаг. Үүний “high 40-80 хувь” буюу одоогийн усны хэрэглээний 40-80 хувь нь хомсдох эрсдэл ихтэй гэдэг ангилалд Монгол Улс хамаарч байна.
Дэлхийн улс орнууд энэ өдрийг энэ жил “Ус ба энхтайван”, манай улсын тухайд “Ус ба амар амгалан” гэсэн уриан дор тэмдэглэж байна.
Монголын усны асуудал зөвхөн манай улсын асуудал биш. Үүнтэй ижил хоёр хөршийн усны асуудал тэдний асуудал биш бидний асуудал мөн гэсэн агуулгаар хандах нь чухал болоод байна.
Монгол Улсад хамгийн ихээр тулгамдаж буй асуудал нь Улаанбаатар хот, говийн бүсэд усны нөөцийн хомсдол үүссэн бол баруун бүсэд өндөр уулсын мөнх цас хайлж нийт нутгаар цэвдэг хайлж буй явдал. Тиймээс энэ бэрхшээлээ дэлхий нийтэд дэлгэж хамтдаа энхтайванаар шийдэх асуудал юм.
Өөрөөр хэлбэл, устай холбоотой олон асуудал нэг зэрэг ийнхүү үүсээд байгаа нь ховор үзэгдэл аж. Түүнчлэн хоёр настай балчраас 80 настай буурлууд усаа хайрлан хамгаалж, ариг гамтай хэрэглэх, ашиглалтыг сайжруулахад бүгдийн оролцоо чухал.
Сэлбэ гол ширгэх үү гэдэг нь зөвхөн нийслэлчүүдийн асуудал биш Байгаль нуурын асуудал. Сэлбэ-Туул-Орхон-Сэлэнгэ голтой нийлж урссаар Байгаль нууртай нийлнэ. Байгаль нуур дэлхийн цэнгэг усны 20 хувийг бүрдүүлдэг. Байгаль нуур-Ангар мөрөн-Енисейд гээд хойд мөсөн далайд цутгана. Тэгвэл монголчууд бид усны эх дээр оршин байна. Иймээс бид дэлхий нийттэй хамтарч ажиллахаас өөр замгүй.
Өнгөрсөн онд манай улс 678 сая метр куб ус хэрэглэсэн байна. Үүнээс Улаанбаатар хот хоногт 300 мянган метр куб ус гэвэл жилд /365 хоног/ 109.500 мянган метр куб ус хэрэглэсэн байна.
Тэгвэл 2040 он гэхэд энэ хэрэглээ 800 мянган метр кубээс нэг сая метр куб болж нэмэгдэх тооцоог Усны газар гаргажээ.
Тодруулбал, хотын иргэдийн хэрэглэж болох усны нөөцийн дээд хязгаар 256 сая метр куб. Энэ тооцоог Туул голын нөөцөөр бодож 2014 онд тогтоожээ. Тэгвэл бидний хэрэглээ ирээдүйд гурав дахин нэмэгдэж тэр хэрээр усны нөөц 500 сая метр куб болж өсөхөөр байгаа юм.
Энэ тооцоог Мянганы Сорилтын сангаас хэрэгжүүлж буй ажлын үр дүнд цахилгаан станцуудын хөргүүрт хэрэглэдэг байсан 50 мянган метр куб цэвэр усыг болиулж Төв цэвэрлэх байгууламжаас гарсан саарал усыг өгөхөөр болж техникийн зохицуулалт, бүтээн байгуулалтыг хийж буй юм. Түүнчлэн Биокомбинат, Шувуун фабрик орчимд 40 орчим худаг гаргаснаар нэмэгдүүлэх боломжтой ажээ. Гэхдээ Биокомбинат орчмын усыг өндөр технологиор цэвэршүүлж дахин хэрэглээнд гаргах зардал өндөр тусахаар байгаа нь тэр хэрээр үнэтэй ус хэрэглэх болж байна.
Энэ мэтээр усны нөөцийг 500 сая метр кубт хүргэхээр зорьж буйг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр Усны нөөцийн нэгдсэн менежмент хэлэлцүүлгийн үеэр онцолж байна.
Өнөөдөр бид Ус сувгийн удирдах газар худгуудынхаа усыг цуглуулж хлоржуулж, цэвэршүүлэн орон сууцны өрх бүрд хананаасаа крантаар шууд хэрэглэж буй усны зардалд литр тутамд хоёр төгрөг төлж буй. Усны хэрэглээ нэмэгдэх тусам нэг литр тутамд төлж байгаа хоёр төгрөг ирээдүйд хэд дахин нэмэгдэхээр байна
Учир нь Биокомбинат орчмын бохир усыг өндөр технологиор дахин цэвэршүүлж хотын орон сууцны болон бусад байгууллага аж ахуйн нэгжийн ахуйн хэрэглээнд зориулах юм.
Нийслэл жилээс жилд хаяагаа тэлж барилга байшин, орон сууц нэмэгдэхийн хэрээр хэдхэн жилийн дараа Улаанбаатар хотын хүн амын жилд хэрэглэх усны хэрэглээ нэг сая метр куб болж нэмэгдэхээр байгааг хэлсэн. Орон сууц болон гэр хороололд амьдарч байгаа иргэдийн усны хэрэглээ харьцангуй байдаг.
Ус сувгийн удирдах газраас гаргасан судалгаагаар орон сууцны иргэнийх 110 литр бол гэр хороололд амьдардаг нэг хүний хоногийн усны хэрэглээ 10 литр. Харьцуулбал 10 дахин их, багын ялгаа гарч байна.
Усны асуудалтай тэгш эрхийн тухай асуудал хамт яригддаг. Энэ ялгаатай байдал нь жендэрийн асуудлыг ч хөндөж байна.
Гэр хорооллын нэг иргэн халуун усанд нэг удаа ороход 3000-5000 төгрөг төлж байгаа бол орон сууцныхан гурав алхаад л угаалгын өрөөндөө тухалж байхад нөгөөх нь хажуу талаас хүн ороод ирэх вий гэсэн айдастай.
Нөгөөтэйгүүр, цэвэр усыг замбараагүй хэрэглэсээр буй халуун усны газар, автомашин угаалгын газар, зочид буудал, цайны газар, томоохон сүлжээ ресторанууд, арьс ширний үйлдвэрийн усны хэрэглээг хэрхэн бууруулах вэ гэдэг нь бас л мэргэжлийн байгууллагын толгойны өвчин болсоор байна.
Энэ бүгдээс шалтгаалан Туул голыг хэрхэн цэвэр байлгах үүргийг Усны газар хариуцдаг. Энэ үүргээ хэрэгжүүлэх боломжтой ч хүчин чадлаас давсан бохир ус цэвэршүүлдэг учраас Туул гол бохирдсоор байгаа аж. Төв цэвэрлэх байгууламж хоногт 150-160 мянган метр куб ус цэвэршүүлэх хүчин чадалтай. Гэвч нийслэлийнхний хэрэглэсэн бохир ус 180 /үерийн үеэр 240 / мянган метр куб болж нэмэгдсээр байгаа нь 100 хувь цэвэршүүлэх боломжийг хангаж чадахгүй эвгүй үнэр нь үнэртсээр байдаг аж.
Хэдийгээр Хятадын Засгийн газрын тусламжтайгаар хоногт 250 мянган метр куб ус цэвэршүүлэх хүчин чадалтай байгууламж ашиглалтад орох ч эдгээрийн чадал нийлээд 400 орчим мянган метр куб. Тэгвэл энэ нь ирээдүйд нэмэгдэх нэг сая метр куб усны 40 хувийг цаашлаад 500 сая метр куб усны найм орчим хувийг эргүүлээд цэвэршүүлнэ гэсэн үг.
Усны эх үүсвэр, нөөцийг нэмэгдүүллээ гэхэд буцаагаад бохир усаа цэвэршүүлэх боломж тун бага байгааг дээрх тоонууд харуулж байна.
Тэгвэл үүнээс гарах шийдэл нь Туул гол дээр усан сан байгуулах шаардлагатайг мэргэжилтнүүд жил бүрийн усны өдрөөр сануулсаар...
Өнөөдөр нийслэлчүүдийн усны хэрэглээ жилд 109 сая 500 мянган метр куб. Энэ нь Монгол Улсын жилд хэрэглэх усны хэрэглээний 18 орчим хувийг эзэлж байна. Тэгвэл 2040 он гэхэд хоногт нэг сая метр кубээр нэмэгдэнэ гэвэл нийт усны хэрэглээний 50 орчим хувийг хэрэглэхээр байна. Энэ нь Туул голд зайлшгүй усан сан барьж хуримтлуур сан үүсгэж баялгаа тогтоохгүй бол Байгаль нуур руу урсах аж.
Тухайлбал, Худалдаа хөгжлийн банк барилгын өргөтгөл хийх явцдаа хоёр жилийн хугацаанд 600 сая метр куб хөрсний ус зайлуулсан нь Монгол Улсын жилд хэрэглэх усыг хий урсгасан гэсэн үг. Тиймээс барилгын хөрсний усанд төлбөр ногдуулсан нь ийм учиртай. Усан санг өмнө нь голын эхэнд барих тухай ярьдаг байсан одоо тэгэх шаардлагагүй ажээ.
Монгол Улстай ойролцоо хүн амтай Молдав, Гүрж хоёр улсын усны хэрэглээ нэг жилд 1.5 тэрбум метр куб буюу манайхаас гурав дахин их байна. Энэ нь нэгдүгээрт, бид усны хэрэглээгээ тооцож чадахгүй байгааг харуулж байна. Хоёрдугаарт, бидний усны хэрэглээ бага байна. Хөгжихгүй байгаагийн бас нэг шалтгаан энэ.
Өөрөөр хэлбэл, усны хэрэглээ нэмэгдэх тусам тухайн улсын хөгжлийг илэрхийлдэг. Тиймээс усны нөөцийг нэмэгдүүлэх 2-3 арга байна.
2035, 2050, 2080 он гэх мэт. Манай Отгонтэнгэр, Их Богд, Сутай хайрхан, уулын мөнх цас жил ирэх тутам хайлж байгаа нь харагдаж, мэдэгдэж байна. Отгонтэнгэр хайрханыхаа хайлж буй мөнх цасны усыг азаар “Гэгээн нуур”-т цуглуулж чадаж байна.
Хүн төрөлхтөн өөрсдийн биологийн цагаар байгалийн үйл явцыг хэмждэг. Гэвч бид тооцоо судалгааны үндсэн дээр урьдчилан сэргийлж, хамгаалах нь чухал юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин, Ц.МЯГМАРБАЯР
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 55 (7299)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.