УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр “Үндэсний эвсэл”-ийн тэргүүнээр сонгогдон, сүүлийн үед улс төрийн хувьд нэлээн идэвхтэй ажиллаж буй. Тэгвэл түүний ээж Д.Хулан хүүгийнхээ улс төрийн ажлыг дэмжиж байр сууриа илэрхийлжээ.
МАК группийн дэд ерөнхийлөгч Д.ХУЛАН:
-Хүү маань цөхөрч ядарсныг өмгөөлж, дуугарч чадахгүйн өмнөөс дуугарч, тэмцэж чадахгүйн өмнөөс тэмцэж, улс төрийн намуудын чадахгүйг хийхээс аргагүйдэж “Үндэсний эвсэл”-ийг үүсгэн байгуулж “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье”, “Үндэстнээрээ баяжъя” хэмээн эвийг нэгтгэж, хүчирхэг Монголоо сэргээн цогцлоохоор зориг шулууджээ.
Харин ээж хүн өөрийн гомдлыг мартдаг ч, үр хүүхдийг нь хохироож байсныг мартдаггүй юм. Хар шүлсээ залгилж, хар цагааны бэлчирт хурсан гомдол тасардаггүй юм. Өөрсдийх нь төлөө дуугарахад ард иргэд ноёд түшмэдийн хоол болж хүүг маань нийгмээр нь үзэн ядуулж, хулгайч төр, хэтэвчний хэвлэл, хахуулийн шүүхтэй нийлээд хохироож билээ.
Өнөө утасны цаанаас чухам л хорвоод хосгүй ухаантай, зоригтой хүмүүсийг гараад тэмцэхийг хараагүй. Төлбөртөй хэдийг эс тооцвол хүүгээс маань өөр ашиг сонирхолын зөрчилгүй, өөрчлөлт хийж чадах аавын хүүг бас олж хараагүй (уучлаарай, харалгүй өнгөрөөсөн бол хэлээрэй).
Гэвч боломжтой залуучууд нь зугтаж, боломжгүй нь үлдэж хугарч нугарч, архичин тамхичин, биеэ үнэлэгч, гэмт хэрэгтэн, урвагч шарвагч, түмэн нь бэлэнчлэгч төрд шургалсан нь хулгайч болж эх орон минь тартагтаа тулж буйтай эвлэрч чадалгүй, хүүгээ эх орныхоо төлөө дахин нэг зүтгэхийг адислав!
Тэвчээр нь хязгаартаа тулж, бие сэтгэлээрээ хохирч буй ард иргэд түүхэн өөрчлөлтийг хийж чадах хүнийг харуулдсаар олон жилийг үджээ. Хүүг маань итгэлийн оч, сэтгэлийн гал гэж харах нь олон болсон ч атаа хорсолтой нь бас дэндүү олон байна.
Самруулж хөмрүүлээд үндэстнээрээ устах уу?, “Үндэсний эвсэл”- тэй Хүчирхэг Монголоо цогцлоох уу? гэдгийг таны оюун ухаан буян заяа мэдэг ээ! гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.