Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Ханги хилийн боомтын Гаалийн салбарын эрхлэгч Ж.Мөнхтөрийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхэлжээ.
Орон нутгийн эх сурвалжууд “Түүнийг албан тушаалаа урвуулсан гэх үндэслэлээр өнгөрсөн долоо хоногоос шалгаж эхэлсэн. Гэр, албан өрөөнд ньнэгжлэг хийж, хойшлуулшгүйгээр баривчилсан” гэсэн мэдээлэл өгсөн юм. Улмаар шүүгчийн шийдвэрийн дагуу яллагдагчаар тооцон, нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Энэ талаар албаны хүмүүсээс лавлахад “Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж байгаа болохоор мэдээлэл өгөх боломжгүй. Түүнийг саатуулан шалгаж байгаа нь үнэн” гэхээс илүүг хэлсэнгүй. Түүнд Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх заалтын дагуу хэрэг нээгээд буй аж. Бидэнд олдсон мэдээллээр Ж.Мөнхтөр нь албан тушаалаа ашиглаж, нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгжийн гэрээнээс багагүй хэмжээний хувь хүртдэг, хамаарал бүхий хүнийхээ болон өөр компанийн гаалийн бүрдүүлэлтийг өөрөө гардан хийж давуу байдал олгодог байж болзошгүй гэх хэрэгт холбогдсон бөгөөд эндээсээ үндэслэлгүй хөрөнгөжсөн байх магадлалтай гэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.