Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг Төв цэнгэлдэх хүрээлэнд үүссэн газрын асуудлаар мэдээлэл өгөв. Тэрээр "Нийслэлээс 2008 оноос хойш нийтдээ 4.6 тэрбум төгрөгийг урсгал зардалд зарцуулсан. Үүнийгээ хувь эзэмшилдээ нэмүүлье, ТУЗ-өө хуралдуул, хуулийн дагуу хувь нийлүүлэгчдийн хурлаа хий. Үгүй гэвэл бид шүүхэд хандана" гэсэн юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг:
-Анх 1993 онд төв цэнгэлдэх хүрээлэнг өмч хувьчлал буюу ягаан тасалбараар хувьчилсан байдаг. Тухайн үед 30 хувийг хувийн өмчит шилжүүлж өгсөн. Ингээд 2003 онд иргэн Т.Нямдаваа гэдэг хүн 30 хувиа 51 хувь болгож нийслэлийн хувь эзэмшил 49 хувь болсон байдаг. Ингэхдээ үл ойлгогдох байдлаар 400 гаруй мянган төгрөгийн асуудлаас үүдэн ТУЗ-ийнхөн зөвхөн энэ асуудлыг шийдсэн байгаа юм. НИТХ-ын шийдвэрээр бус ТУЗ-өөрөө шийдээд явсан асуудал. Ингээд нийслэлийн оролцоо буурч эхэлж "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК давуу эрхтэйгээр эзэмшиж эхэлсэн. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нөхцөл байдал ямар хэмжээнд хүрч барилган ширэнгэ үүссэнийг бид бүгд харж байна.
Анх нийт 38 га газар байсан. Тус газрыг жижиглэж өгч зарсаар байгаад өнөөдрийн байдлаар 29 салсан байна. Одоо 12.6 га газрыг л эзэмшиж байна. Нийслэлээс 2008 оноос хойш нийтдээ 4.6 тэрбум төгрөгийг урсгал зардалд зарцуулчихаад байна. Энэ мөнгөн дүн хувь эзэмшлийн мөнгөн дүн дээр огт тооцогдож яваагүй байгаа юм. Бид 400 мянган төгрөгөөр давуу эрхтэй хувьцаагаа алдаж байсан харин одоо 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихээд байхад хувь эзэмшил маань ихсэхгүй байна вэ?
Ер нь газрын асуудал тойрсон энэ бол шуналын л асуудал. Тойроод барьсан энэ их барилгыг одоо яах вэ гэдгийг иргэд маань биднээс асууж байна. Тухайлбал, "Мөнхсан" ХХК Төв цэнгэлдэхийн үүдэнд барилга барьж байна. Энэ компанийг судлаад үзэхээр Төв цэнгэлдэх ХХК-ийн захирал Т.Нямдаваагийн хүүхдийнх байх жишээтэй. Ингээд өөрсдөдөө газраа өгөөд байшин барьчихаж байгаа юм. Анх орон сууц гэж байсан бол одоо үйлчилгээ бар ресторан болгоно гэх жишээтэй. Би үүнийг "Шунал хороолол" гэж нэрлэмээр байна. Бид тус газрыг зориулалтаар нь ашигласан эсэхийг шалгана. Энэ барилгын ажлыг зогсооё гэж бодож байна.
Мөн нийтийн эзэмшлийн талбай атал иргэдээс төлбөртэй зогсоол нэрээр мөнгө авч байгааг зогсооно. Түүнчлэн нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй байгаа жижиг байшингуудын асуудлыг шийдвэрлэнэ. Нийслэлийн тухайд газраа, өмчөө хамгаалах гээд хичээж л байна.
"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн засаглалын асуудалд бас анхаарал татах зүйл байна.
Тухайлбал, 2023 оны арваннэгдүгээр сарыг хүртэл улсын бүртгэлийн гэрчилгээ дээр Т.Нямдаваа гэдэг нэг эзэмшигчтэй явж байсан. Бүртгэл дээр нийслэл огт байгаагүй. Энэ хүн зөв бүртгүүлэх үүргээ хүлээгээгүй. Дүрэм нь одоогийн компанийн хуулийг зөрччихсөн байгаа юм. Хуулиараа хувьцаа эзэмшигчдийн хурал хийх ёстой. Гэтэл ТУЗ нь хуралдаад л шийдвэрээ гаргаад байна. Нийслэл бидэнтэй ирж уулзахыг хүссэн ч ирдэггүй, мэдээллээ өгдөггүй.
Эцэст нь хэлэхэд, нийслэлийн зүгээс 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүнийгээ хувь эзэмшилдээ нэмүүлье, ТУЗ-өө хуралдуул, хуулийн дагуу хувь нийлүүлэгчдийн хурлаа хий. Үгүй гэвэл бид шүүхэд хандана гэдэг байр суурьтай байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.