Хөвсгөл аймгийн Жаргалант суманд хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байна. Аймгийн зүгээс Цаг уур, орчны шинжилгээний байгууллагатай хамтраад эрсдэлийн үнэлгээ хийхэд төмөр зудын нөхцөл байдал үүссэн гэж үзжээ.
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын засаг дарга Ц.Бямбажав:
-Манай улс төмөр зудын байдалд орчихоод байна. Манай сумын хэмжээнд өмнөх оны мөн үетэй харьцуулахад малын тоо толгой 30 гаруй мянгаар буурсан. Өнгөрсөн оны 11-р сард цас их орсонтой холбоотойгоор эрсдэлийг тооцож, малчид 98 мянган мал нядалж, 500 орчим тонн мах бэлтгэсэн байна. Одоогийн байдлаар 17 мянга орчим мал хорогдоод байна. Отор нүүдлийг арваннэгдүгээр сараас эхлэн зохион байгуулж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар 80 орчим мянган мал бэлчээрлэх боломжгүй, байнгын тэжээлд орсон байна. Муудсан малаа бэлчээрлэх боломжтой газар луу тээвэрлэж байгаа. Түүнчлэн зудын улмаас буга согоо, бор гөрөөс үхэж эхэлсэн. Үүн дээр холбогдох албаныхан анхаарах шаардлагатай байна.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
-Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх тогтоол гаргасан. Гамшгаас гарах өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжсэн. Та бүхэн өндөржүүлсэн бэлэн байдлын горимоор ажиллана гэсэн үг. Гамшгийн хуулийг удирдамж болгон ажиллах ёстой. Хамгийн түрүүнд цасанд боогдсон зам даваа гүвээг нээх, шар усны үерт өртөж болзошгүй айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх үндсэн үүрэгтэй ажиллаж байна. Хөвсгөл аймгийн тухайд найман ширхэг туулах хүчин чадал өндөртэй техникийг авчирсан. Жаргалант суманд 10 тонн тэжээл ачсан машин ирж байгаа. Тус машинаар хаагдсан зам харгуйг нээх ажлыг хийнэ. Шаардлагатай түлш, тоног төхөөрөмжийг 100 хувь улсын комиссоос гаргана. Сум орон нутгийн төсөвт хүндрэл учруулахгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.