Засгийн газраас томилогдсон шуурхай багууд цас зуд ихтэй хөдөө орон нутагт ажиллаж байна. БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан баг Булган аймгийн Сайхан суманд ажиллаж, Могод, Баян-агт сумдын мэдээллийг сонсож, нэгдсэн удирдлага мэдээллээр хангалаа.
Сайхан сумын 95 хувь нь цасан бүрхүүлтэй. Өвөлжилт эрс хүндэрч байна. Сумын нөөцөөс малчин өрх бүрд хоёр боодол өвс, ногоон тэжээл, хоёр өрхийн дунд нэг шуудай хивэг олгосон. Зудын эрсдэлтэй бүсэд 1542 иргэн амьдарч байна. Нийтдээ 2192 мал хорогджээ.
Могод суманд одоогийн байдлаар 1573 мал хорогдоод байна. Цагаан зудтай. Зудын эрсдэлтэй бүсэд 962 иргэн амьдарч байна. Хөдөөгийн дөрвөн багт нь өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.
Малчдын 69,3 хувь нь зээлтэй байгаа бөгөөд сар шинийн баяртай холбоотой бэлэн мөнгө, төлбөрийн чадвар эрс буурчээ.
Сургуулийн хоёр, цэцэрлэгийн 43 хүүхэд зудын нөхцөл байдлаас шалтгаалан цэцэрлэг, сургуульдаа явах боломжгүй болсон байна.
Баян Агт сум нөөцийн өвс тэжээлээ малчдадаа тараагаад дууссан. Хямдарсан өвс тэжээл байвал сум, малчид авахад бэлэн байгаа тухайгаа мэдэгдлээ. Олон аймаг, сумаас мал оторлож байна. Отрын малчдад дэмжлэг шаардлагатай болжээ. Баянзүрх, Баянхайрхан багийн нийт өрхийн 70-80 хувь нь сүлжээгүй байна.
Шуурхай багаас дараах чиглэлээр аймаг, сумын шуурхай штабтай хамтарч ажиллахаар боллоо.
▪️ Сумын нөөцөө бүрэн ашиглах, аймгийн нөөцийг хүндрэлээс хамаарч оновчтой хуваарилах
▪️ Орон нутгийн төсвийг тодотгож, шаардлагатай төсвийн эх үүсвэрийг гаргаж, зудын эрсдэлийн хариу арга хэмжээ хэрэгжүүлэхэд зарцуулах шийдвэр гаргах, сумдын Иргэдийн нийтийн хуралд цаг алдалгүй чиглэл, зөвлөмж өгөх
▪️ Малын сэг зэм устгахад шаардагдах ариутгах бодис, техник, хүний нөөцийг шийдвэрлэж, нэгдсэн төсөв, төлөвлөлтийг гаргаж, сумдыг мэдээллээр хангах
Зудын эрсдэлийн хариу арга хэмжээг авахдаа:
Нэгдүгээрт: цаг алдалгүй авах арга хэмжээний жагсаалтыг гаргаж, түүнд шаардагдах төсөв, хүний нөөцийг хуваарилах,
Хоёрдугаарт: сум, аймаг, улсын нөөцийг зөв хуваарилах үе шаттай төлөвлөлтийг гаргах,
Гуравдугаарт: дунд, урт хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөж танилцуулахаар боллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.