Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан аймаг, сумдын Онцгой комисст дэмжлэг үзүүлэх, зудын эсрэг хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг удирдлага зохион байгуулалтаар хангах шуурхай бүлгүүдийг орон нутагт томилж ажиллуулж байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн сумдад 2024 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр ажиллалаа.
Эдгээр сумдад сүүлийн өдрүүдэд нөхцөл байдал хүндэрсэн бөгөөд нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, тал газартаа 30-40см, гуу жалгандаа 90-150 см зузаан цастай байна. Баяннуур сум 24 мянга гаруй, Дашинчилэн суманд 3 мянга орчим толгой мал хорогджээ. Нэн ялангуяа Баяннуур сумын хувьд нийт малын 17 хувь хорогдож, зарим өрх малынхаа 70 хүртэл хувийг алдаад байна.
Дашинчилэн сумын нөхцөл байдал:
Ажлын хэсэг цасанд боогдсон зам давааг чөлөөлөх, айлд өрхүүдэд хүнс, түлээ түлш, малын тэжээл хүргэх ажлыг Булган аймгийн Онцгой комисс, тухайн сумдын иргэдийг дайчлан хамтран зохион байгууллаа.
Мөн хоёр сумын Онцгой комиссын гишүүдтэй өргөтгөсөн хурал зохион байгуулж, нөхцөл байдлыг сонсож, дараах чиглэлд нарийвчилсан тооцоо судалгааг, хийж мэдээллийг нэгтгэж байна.
Баяннуур сумын нөхцөл байдал:
Үүнд:
-Шаардлагатай өвс, тэжээлийн хэмжээг малчин өрх бүрээр нарийвчлан гаргаж, хэд хоногийн хугацаанд ямар нөөц шаардлагаатай судалгаа, төсвийг гаргаж танилцуулах
-Өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр авах хэрэгцээ шаардлага, хэдэн хувийн хөнгөлөлт үзүүлэх, малчин өрхүүдэд шаардлагатай зээл, зээлийн боломж, ямар нөхцөлөөр зээл олгох хүсэлт байгааг судалж танилцуулах
-Хаагдсан зам гүвээг нээхэд шаардагдах хугацаа, машин техникийн хүрэлцээ, шаардагдах шатахуун, түлшний тооцоог нарийвчлан гаргах
-Малын хүчит тэжээл, аминд дэм, эрдэс тэжээлийн хэрэгцээ, олдоц, үүнийг нийлүүлэх эх үүсвэр, нөөцийг судлах
-Сумын Засаг даргын нөөц хөрөнгийг зарцуулах, аймгийн давсан орлогыг зарцуулах холбогдох шийдвэрийг хууль эрх зүйн хүрээнд гаргах, цаг алдалгүй бусад санхүүгийн нөөцүүдийг зарцуулах
-Мал ихээр хорогдсон өрхийн тоогоо гаргах, малжуулах төсөл хөтөлбөрт хамруулах асуудлыг судлах, улаан загалмай зэрэг байгууллагуудаас үзүүлэх тусламж дэмжлэгт хамруулах
-Малчин өрх бүртэй уулзалт ярилцлага хийж, тулгамдсан асуудлыг сонсох, тохирсон арга хэмжээг авах, зөвлөмж заавар өгөх
-Сумын Онцгой комисст ажиллаж хүмүүсийн цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэгт анхаарах
Ажлын хэсэг Булган аймгийн өвөлжилт, хаваржилт хүндэрсэн нийт сумдаар ажиллаж, нэгдсэн дүгнэлт гаргаж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллана.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.