Орон нутгийн удирдах албан тушаалтнууд төсвийн болон хандивын хөрөнгөөс ямар нэг арга сүвэгчлэн завшиж, өөрсдөдөө давуу байдал бий болгосон тохиолдол гарсаар байна.
Тухайлбал, Ховд аймгийн Буянт сумын ИТХ-ын дарга Б.Цэнд-Аюушид холбогдох хэрэгт тус аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Сум дундын шүүхдээ шилжүүлжээ. Тэрбээр Ховд аймгийн Буянт сум дахь Цагдаагийн хэсэгт драгер буюу согтуурал хэмжих багаж авах төсвийг нь баталсан гэнэ. Улмаар бөгөөд “Буянт Ундрах шим” гэх компанитай уг багажийг нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг нь түүндээ “Alcotest 7510” загварынхыг авахаар болсон аж. Гэвч хямд үнэтэй “Alcotest 6820” загварын багаж хүлээн авч, зөрүү мөнгийг нь завшиж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх заалтын дагуу яллагдагчаар татагдсан байна.
Орон нутгийнхаа төсвийн хөрөнгөөс завшиж, өөртөө давуу байдал бий болгосон тохиолдол Говь-Алтай, Өвөрхангайн сумуудад ч гарчээ. Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга З.Түмэндэмбэрэл 2023 онд Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих, тус бүр нь 20 сая төгрөгийн төсөвт өртөгтэй талбай хашаажуулах, услалтын систем бүтээн байгуулах ажлыг хүүгийнхээ найз болон өөр нэг иргэнтэй шууд гэрээ байгуулж, 16 сая төгрөгийг нь банкаар дамжуулан өөртөө авсан хэрэгт холбогдож, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй юм.
Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Баасан тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг шалгаж дуусжээ. Тэрбээр Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Соёл амралтын хүрээлэнд морин тойруулга, алсыг харагч тоглоом суурилуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллаж байхдаа нарийн бичгийн дарга Г.Болор-Эрдэнэ, мэргэжилтэн Т.Болд нартай хамт тендерийн шаардлага хангаагүй “Өнө гурван баян” ХХК-ийг шалгаруулах боломж бүрдүүлж, 185.1 сая төгрөг тухайн компанид шилжүүлсэн хэрэгт холбогдсон гэнэ.
Үүнээс гадна Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга А.Алтанхуягт холбогдох хэргийг шалгаж дууссан байна. Тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2022 оны нэгдүгээр сард нэг га тариалангийн талбайд жимс, жимсгэнэ, эмийн ургамал, хүнсний ногоо тариалах төслүүдийг хүлээн авч, сонгон шалгаруулалт хийж шалгарсан төслүүдийг тус газарт ирүүлэх албан бичиг Засаг дарга нартаа хүргүүлсэн гэнэ. Гэтэл тэрбээр сонгон шалгаруулалт явуулалгүйгээр хэд хэдэн хүнд давуу байдал олгосны дотор Есөнбулаг сумын ИТХ-ын албан тушаалтнууд байжээ. Тодруулбал, тус сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Төгөлдөрийн бэсрэг алим, ИТХ-ын төлөөлөгч Т.Санчир-Одын хамаарал бүхий хүний алим, жимс төслийн, иргэн Б.Өлзийсайханы хүлэмжийн төслийн санхүүжилтийн тус бүр 30 хувийг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх нь үнэн болно гэсэн албан бичиг илгээж давуу байдал олгосон хэрэгт холбогдоод буй юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.