СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-02-14

Луу хөлөглөх жил байх уу?

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
9 сарын өмнө

Гурван өгүүлбэрээр:

-Биткойны үнэ хоёр жил орчмын хугацаанд анх удаа 50 мянган ам.долларын босгыг давлаа.

-“Монголд бизнес эхлүүлэхэд хялбар. Харин гол асуудлууд бизнес эхэлсний дараа гардаг”

-Сүү ХК-ийн цэвэр ашиг 87.6 хувиар өсөж, 15.6 тэрбум төгрөг болжээ.

Луу жилийн босгон дээр

Дорнын уламжлалд луу жил нь ихэвчлэн хамгийн ээлтэй, өлзийтэй цагийн бэлгэдэл болдог. Тиймдээ ч Азийн гол зах зээлүүдийн нэг Хонгконгийн жишиг индекс Hang Seng 1976 оноос хойших луу жилүүдэд ямагт өсөлттэй байсаар ирснийг Bloomberg-ийн дата мэдээллээс харж болно.

Тэгвэл модон луу жилийн босгон дээр Монгол Улсын макро эдийн засаг, хөрөнгийн захын гол үзүүлэлтүүд хэр түвшинд буйг нягтлан харцгаая.

Эрэлт талын эрсдэл

Туулай жилийн эхэнд 12.2 хувьтай байсан инфляц өнгөрсөн сард 7.6 хувьтай гарч, Монголбанкны зорилтот түвшинд дахин хадгалагдаад байна. Гэхдээ Төв банк бодлогын хүүгээ жил гаруй хугацаанд 13 хувьд барьж, энэ онд ч сулруулах цикл рүү орохгүй дохио өгсөн нь сонгуультай жилийн төсвийн тэлэлттэй холбоотой.

Импортын бараа бүтээгдэхүүн, гадаад үнийн дарамт багассан нь өнгөрсөн жилийн инфляцын бууралтыг тайлбарласан бол энэ жил эрэлтийн шалтгаантай инфляц гол эрсдэл болох төлөвтэй. Үүнээс гадна I сард Улаанбаатар хотын инфляц 8.6 хувь буюу бүх аймгийнхаас өндөр, мөн хэрэглээний сагсны бараа, үйлчилгээний 23.8 хувийнх нь үнэ өмнөх сараасаа өсөлттэй гарсан нь анхаарах хэрэгтэй нэгэн үзүүлэлт юм.
Төгрөг чангарсаар байна

Нүүрсний экспортын түүхэн үзүүлэлтийн ачаар Монгол Улсын төлбөрийн тэнцэл 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, гадаад валютын нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрээд байна. Тэр дундаа сүүлийн 16 жилийн турш алдагдалтай байсан урсгал данс өнгөрсөн онд 244.54 сая ам.долларын ашигтай гарсан нь луу жилийг угтсан хамгийн таатай үзүүлэлтүүдийн нэг байлаа. Ялангуяа сүүлийн жилүүдэд Монгол Улстай худалдаа хийдэг бүхий л орнуудын валютын эсрэг суларсаар ирсэн төгрөгийн ханшийн хувьд энэ нь тун сайн мэдээ юм.

Экспортын орлого, гадаад валютын орох урсгал эерэг байсан тул төгрөгийн ханш сүүлийн жил гаруйн хугацаанд харьцангуй тогтвортой байж, ялангуяа оны хоёрдугаар хагасаас ам.долларын эсрэг алгуур чангарсаар 2022 оны 11 дүгээр сараас хойш анх удаа 3,300 руу ороод байна. Тэгвэл энэ онд ч ГШХО болон экспорт өндөр түвшинд хадгалагдаж, мөн Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах нь ам.долларын хослолууд сулрах шалтгаан болсноор төгрөгийн ханш үргэлжлүүлэн чангарах хүлээлт давамгайлж байна.

Үйлдвэрлэгчид шахагдсан жил

2012 оны луу жилээс хойш Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 99 хувь буюу хоёр дахин өсөж, сүүлийн арилжаагаар 43 мянган нэгжид дөхөөд байна. Индексийн шинээр бүрдсэн сагсны 50 хувийг сүүлийн таван жилийн хугацаанд IPO хийсэн компаниуд эзлэх болсон нь хөрөнгийн зах зээлийн идэвхжилийг тодотгосон дүр зураг болов. Түүнчлэн банк санхүүгийн салбарын компаниуд ТОП-20 индексэд ноёлох болж, дотоодын үйлдвэрлэгчдийн эзлэх хувь буурлаа.

2023 онд Монгол Улсын санхүүгийн салбарын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 26.3 хувьд хүрч, мөн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 11 их наяд төгрөг давсныг СЗХ мэдээлсэн. Гэсэн хэдий ч хувьцааны хөрвөх чадвар 2022 онд 2.4 хувь байсан бол 2023 онд 1.5 хувь болж буурсан нь хөрөнгийн зах зээлд нийлүүлэлт нь эрэлтээсээ давсны нэгэн дохио болж байна.

Бизнес эхлүүлэхэд амар, даанч…

Хууль журам талаасаа гэвэл Монголд бизнес эхлүүлж, байгууллагуудтай хамтран ажиллахад төвөг чирэгдэлгүй, хялбар байдаг ч том асуудлууд бизнес эхэлсний дараа гарч ирдэг болохыг Сайншанд Салхин Парк ХХК-ийн ТУЗ-ийн дарга Оливер Шнорр онцолж байлаа. Тэр дундаа гэрээний биелэлт, ойлголцолтой холбоотой асуудлууд түүнийхээр хамгийн том саад болдог аж.

“Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдад хоёр өөр байдлаар хандахаа болих хэрэгтэй. Монгол Улсын зах зээлд гадаадын хөрөнгө оруулагч болж нэвтрэхэд компанийнхаа 25 хувиа амлах, 100 мянгаас дээш ам.долларыг хөрөнгө оруулах шаардлагатай байдаг нь маш буруу гэж бодож байна. Мөн компанийн үнэлгээний ирээдүйн төсөөлөлд тулгуурлан татвар ногдуулдаггүй нь олон жижиг уул уурхайн компаниудад хүндхэн сорилт болдог” хэмээн тэрбээр манайд өгсөн ярилцлагадаа онцолсон юм.

1 тонн алт хураав

Монголбанк оны эхний сард нэг тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс бараг хоёр дахин өссөн дүн боллоо. Үүнээс өмнө 2020 онд Төв банк 3.5 тонн үнэт металл худалдан авч байсан нь сүүлийн жилүүдийн дээд түвшин аж.

Дэлхий даяар геополитикийн нөхцөл тогтворгүй болох үед алтны үнэ өсөх хандлагатай байдаг. 2024 онд алт найдлага төрүүлж буй нь Холбооны Нөөцийн банкны бодлогын хүүгийн хүлээлт болон геополитикийн ба эдийн засгийн өндөр эрсдэлүүдээр өдөөгдөж байгааг ANZ-ийн шинжээчид дүгнэжээ.

Хөрөнгийн захад

Сүү ХК-ийн цэвэр ашиг нь 2023 онд 87.6 хувиар өсөж, 15.6 тэрбум төгрөг болжээ. Бүтээгдэхүүний өртөг бууруулахад чиглэсэн томоохон ажлууд хийсний үр дүнд ашигт ажиллагаа сайжирч, нийт ашгийн хувь нь өсөж байгааг тус компани хагас жилийн тайландаа дурдаж байв. Өнгөрсөн хугацаанд Сүү ХК нийт 15.4 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараагаад байгаа юм.

Цар тахлын улмаас 2020 онд 46.1 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байсан “Говь” ХК сүүлийн гурван жилд алдагдлаа 12 дахин бууруулж чадсан байна. 2023 онд тус компанийн цэвэр алдагдал 44.5 хувиар буурч, 3.8 тэрбум төгрөг болжээ.

Биткойн $50 мянга давлаа

Биткойны үнэ хоёр жил орчмын хугацаанд анх удаа 50 мянган ам.долларын босгыг давлаа. Виртуал хөрөнгийн оршин тогтнох чадварын талаар эргэлзээ төрүүлсэн дуулиант явдлууд цуварч, зарим томоохон тоглогчид нь дампуурлаа зарласан хүндхэн мөчлөгийн дараа Биткойн ийнхүү цойлсон нь крипто салбарын хувьд маш чухал эргэн ирэлт болж байна.

Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй криптовалютын үнэ 2023 он гарснаас хойш гурав дахин өсөж, 2022 оны 64 хувийн уналтаа нөхөөд байгаа юм. Харин 2021 оны 11 дүгээр сард 69 мянган ам.долларт дөхсөн нь Биткойны бүх цаг үеийн дээд ханш болсон билээ.

Крипто олборлогчдын диваажин

Тэгвэл Хятадын Биткойн олборлогчид Бээжингийн хоригт багтсанаасаа хойш хямд эрчим хүч, сул зохицуулалтын орчны эрэлд гарч, улс дамжин явсаар өдгөө Африкийн “эвэр”-т иржээ. Африк тивийн хамгийн том УЦС байдаг Этиоп улс дэлхийд хамгийн багад тооцогдох эрчим хүчний тарифынхаа ачаар крипто олборлолтын халуун цэг болоод байгаа аж

Grand Ethiopian Renaissance далан, Этиоп улс

Тус улс Бээжинтэй нөхөрсөг харилцаагаа гүнзгийрүүлсээр буй нь Хятадын фирмүүдийг илүүтэй татах түлхэц болжээ. Хэдий тийм боловч Этиопын хүн амын бараг тэн хагас нь цахилгаан эрчим хүчгүй амьдарч байгаа нь эрчим хүчний хэрэглээ маш өндөртэй крипто олборлолтыг нэлээн маргаантай сэдэв болгож байна.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Дэлхий Хятадгүйгээр урагшилж эхлэв үү?

Өв шингэсэн үнэт эдлэл | 23 сая төгрөгийн үнэтэй, цалин цагаан мөнгөн аяга

Гари Биондо: Монгол Улс татварын зохицуулалт, тогтолцоонд анхаарлаа хандуулах хэрэгтэй

Онцлох чарт

Дэлхийн хэмжээнд литийн зах зээл 2028 он хүртэл хомсдолд орохгүй гэж Benchmark Mineral Intelligence-ийн шинжээчид тооцоолжээ. 2021 оноос хойш 10 дахин өсөж байсан литийн үнэ 2023 онд нийлүүлэлтийн илүүдлээс болж 80 хувиар огцом унасны дам нөлөөлөл мэдрэгдэж эхлээд байна.

Томоохон олборлогчид цэвэр ашиг нь буурах төсөөлөл гаргаж, тэр дундаа боловсруулаагүй литийн нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч Австралийн компаниуд зардлаа танах арга хэмжээ авч байгаа аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.