“Нүүрсний” болон Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар нутгийг гадаадынханд эзэмшүүлсэн хэрэгт яллагдагчаар татагдсан тус аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Бадрааг цагдан хорьжээ.
Түүнийг oнгoрсoн долоо хоногийн эхээр Монгол Улсын хилээр орж ирмэгц нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны арванхоёрдугаар сарын 25-ны захирамжийг үндэслэн дээрх цагдан хорих ангид саатуулсан байна.
НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 18.6-2.2-ын мөнгө угаасан гэсэн үндэслэлээр Б.Бадрааг яллагдагчаар татаад буй юм.
“Нүүрсний” гэх хэргийн нээлттэй сонсголоор Үндсэн хууль болон Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар нутгийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд хууль зөрчин их хэмжээгээр эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь тодорхой болсон.
Үүнээс улбаалан хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах чиглэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Засгийн газарт хүргүүлсэнтэй холбоотойгоор АТГ-аас Б.Бадраа, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт, мөн сумын Засаг дарга асан, дараа нь Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны Бодлого, төлөвлөлт хариуцсан эрх бүхий албан тушаал хашиж байсан Ш.Эрдэнэжаргал нарыг дахин шалгаж эхэлсэн юм.
Энэ үед Б.Бадраа Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхээс авсан таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлж, биеэ эмчлүүлэх нэрээр БНСУ руу явсан билээ.
Тиймээс Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал нарыг яллагдагчаар татан цагдан хорих захирамж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч гаргаж, уг хоёр хүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461дүгээр ангид саатуулаад байсан.
Тэднийг цагдан хорьсон 30 хоногийн хугацаа дуусаж, Ш.Эрдэнэжаргалын эрүүл мэндийн байдлаас шалтгаалж суллан, хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол Х.Нэхийтийг үргэлжлүүлэн хорьсон аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.