УИХ-ын дарга Г.Занданшатар орон нутагт ажиллаж байгаа билээ. Тэрээр газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх заалтыг хасах, хүчингүй болгох саналыг “D-Parliament”-аар дамжуулан 100 мянган иргэн дэмжсэн тул хаврын чуулганаар дээрх хуулийн төслийг хэлэлцэнэ гэв. УИХ-ын дарга цахим орчноор дамжуулан дараах мэдээллийг хийлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Малчид, иргэдтэйгээ уулзаж явна. Хөдөөд цас ихтэй хатуу өвөл болж байна. Гэхдээ хатуу өвөл харьж, урин хавар айсуй. Ирж яваа цаг. Сайхан хавар болж, зун шиг зун болох байх гэж ахмадууд ярьж байна.
Иргэдтэй уулзаж явахад, газрыг 100 жилээр гадаадын иргэнд ашиглуулах асуудалд санаа зовж буйгаа хэлж байна. Үүнтэй холбоотойгоор иргэн Нямжавын Номун-Эрдэнэ энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр газрыг 100 жилээр ашиглуулах, эзэмшүүлэх хуулийн өөрчлөлтийг хүчингүй болгох, цуцлах саналыг “D-Parlшament”-д байршуулсан. Цахим системд тавьсан Н.Номун-Эрдэнийн саналыг өнөөдрийн байдлаар 100117 хүн дэмжсэн байна.
УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд заасны дагуу иргэд хууль санаачилж, түүнийг 100-аас дээш мянган иргэн дэмжсэн бол УИХ-ын Тамгын газар хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлэх ёстой.
Энэхүү Дэгийн хуулийн дагуу өнөөдөр өглөө УИХ-ын Тамгын газартай бид цахимаар хуралдаж, хуулийн төслийг боловруулж 2013 онд баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн заалтыг хүчингүй болгох асуудлаар хууль санаачилж, холбогдох байгууллага болон Засгийн газраас санал авахаар хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэхээр болж байна. Энэ бол “D-Parliament”-аар дамжуулан иргэдийн саналыг авч, асуудлыг хаанаас ч шийдэж болдог болсны үр дүн. Энэ хуулийн төслийг 2013 онд нэр бүхий гишүүд санаачилж оруулсан юм билээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хүрэлбаатар санаачлаагүй юм байна .Женко Хб г яагаад тэгтлээ үзэн яддаг болсон юм бол оо.