Баянхонгор аймгийн Загийн голын эхэнд уул уурхайн компани хууль зөрчиж, байгаль орчинд хохирол учруулжээ. Таван сумын хүн малыг ундаалдаг Загийн голыг хамгаалсан иргэнд хууль хяналтын нэр бүхий албан тушаалтнууд дарамт үзүүлж байгаа талаар экологич Д.Туяа мэдээлэл хийв. Тэрээр тус асуудлыг ҮАБЗ анхааралдаа авах шаардлагатай гэлээ.
Экологич Д.Туяа:
-Баянхонгор аймгийн Загийн гол нь таван сумыг дамждаг. Загийн голын эхэнд уул уурхайн компанийн үйл ажиллагаа явуулбал таван сумын иргэд хохирохоос гадна Бөөнцагаан нуур устах аюултай юм. 2018 онд уул уурхайн үйл ажиллагаа явуулах гэж байсан ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэг гэх хүний 98 хувийн эзэмшилтэй, Хотын дарга Э.Бат-Үүлийн дүү Э.Батхүүгийн тэрэг техник хүн хүчээ аваачихсан байсан. Тухайн үед сум орон нутгийн удирдлагууд болон иргэдтэйгээ хамтраад Байгаль орчны үнэлгээний тухай хуулийг үндэслэн “Аурон металлс” компанийн үйл ажиллагааг зогсоож байсан удаатай. Тэгвэл дахин Загийн голын эхэнд худаг ухаж эхэлсэн байдаг. Ингээд тус аймгийн иргэд дахин надад хандаж эхэлсэн.
Миний бие өнөөдрийн хэвлэлийн хурлаа Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт хандаж хийж байгаа. Учир нь байгаль экологио хамгаалсан надад Баянхонгор аймгийн прокурорын ажилтан н.Билгүүдэй, тус аймгийн Экологийн албаны дарга н.Амаржаргал, байцаагч ахлах дэслэгч н.Мөнхбаяр нар нь удаа дараалан дарамт шахалт үзүүлж байна.
2023 оны 11 сард өгсөн миний гомдлуудыг прокурорын байгууллагад хүргүүлээгүй өнөөдрийг хүрээд байна. Цагдаагийн байгууллага тус хэргийг нуун дарагдуулсан гэж үзэж байна. Тухайн үед газар дээр нь хууль зөрчсөн үйлдлийг баримтуудыг бүрдүүлсэн байсан юм.
ҮАБЗ-өөс ажлын хэсэг гаргаад тус газарт очиж үзэхийг хүсэж байна. Байгаль орчноо хамгаалж байгаа хүмүүсээ ингэж дарамталж байгаа нэр бүхий хүмүүсийг эх орноосоо урвасан үйлдэл гаргаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.