Прага хотын Карлын их сургуульд зэвсэгт этгээд 14 хүнийг буудан хөнөөж, 25 хүнийг шархдуулсан нь Чехийн шинэ цагийн түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн халдлага боллоо гэж тус улсын албаныхан мэдэгдлээ.
Нийслэл хотын төвд байрлах Карлын их сургуульд гарсан аллагын дараа 24 настай зэвсэгт этгээдийг "аюулгүй болгосон" гэж цагдаа нар мөн мэдэгдэв.
Орон нутгийн цагаар 15:00 орчимд Ян Палачийн талбай дахь их сургуулийн Урлагийн факультетийн байранд буун дуу удаа дараа сонсогджээ. Хожим нь олон нийтийн сүлжээгээр зарим хүн барилгын нэгдүгээр давхраас аюулгүй газар руу үсэрч байгааг харуулсан бичлэгүүд цацагдаж эхэлсэн байна.
Бичлэгүүдээс айж сандарсан олон хүн тал тал тийшээ зугтаж байгаа нь харагдана.
Пүрэв гаргийн орой болсон хэвлэлийн бага хурал дээр тус улсын цагдаагийн дарга, Дотоод хэргийн сайд нар зэвсэгт этгээдийг тус /Урлагийн/ факультетийн оюутан байсан. Прагаас 21 км-ийн зайд орших тосгоноос ирсэн гэж мэдэгджээ. Сэжигтний аав өнгөрсөн пүрэв гаригт нас барсан байдалтай олдсон байна.
Зэвсэгт этгээдийн сэдэл нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Цагдаа нар өнгөрсөн долоо хоногт Прага хотын ойролцоох ойд хоёр хүний амь насыг хохироосон хэргийг уг гэмт хэрэгтэн үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжиглэн шалгаж байгаа аж.
Тус сургуулийн профессор Сергей Медведев буудаж эхлэх үед их сургуулийн нэгэн танхимд байсан гэжээ.
"Би яг тэр мөчид лекц уншиж байсан. Элдэв чимээ гарахад юу болсныг нь эхэндээ сайн ойлгоогүй" гэж тэр хэлжээ.
"Тэгээд... бид ямар нэгэн том зүйл болж байгааг ойлгосон. Удалгүй тусгай ажиллагааны бүлэг дайран орж ирж, өрөөнүүдийг хэсэг хугацаанд шалгаад гарсан. Биднийг дотроо үлд гэж хэлсэн"
"Нэг цагийн дараа өөр цагдаагийн баг нэвтэрч, биднийг шалан дээр хэвтүүлээд, шаламгайлан хайсны дараа биднийг барилгаас нүүлгэн шилжүүлсэн" гэв.
1347 онд байгуулагдсан Карлын их сургууль нь Чех улсын хамгийн эртний бөгөөд хамгийн том их сургууль бөгөөд Европ дахь хамгийн эртний сургуулиудын нэгд тооцогддог юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.