УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.12.05/ ШШГЕГ-ын харьяа 441-р нээлттэй хорих ангид ял эдэлж буй иргэн Д.Мөнх-Эрдэнэтэй биечлэн уулзаж, хорих ангийн нөхцөл байдалтай танилцжээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-УИХ дээр иргэн Д.Мөнх-Эрдэнээс эрх нь зөрчигдөж байгаа асуудлаар гомдол мэдээлэл ирүүлсэн. ХЭҮК-ийн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгийн хамт хорих 441-р ангид ажиллаж, ирүүлсэн гомдлын дагуу түүнтэй уулзаж ярилцлаа.
Үнэхээр хүний эрхийн зөрчил байна уу үгүй гэдгийг өөрийн биеэр ирж уулзаж үзье гэж бодсон. Шоронгийн нөхцөл байдал ямар байгааг харлаа. Үзэл бодлын зөрчил байдаг байсан ч гэсэн иргэн хүний хувьд анхаарал хандуулах учиртай.
Нотлох баримтыг үндэслэж асуудлыг шийдэх ёстой. Иргэн Д.Мөнх-Эрдэнэ өөрөө ч хэлж байна. Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх ёстой. Шүүхийн шийдвэрийг ойлгож байгаа. Гэхдээ эрхээ хязгаарлуулсан ч гэсэн хүн ёсны хувьд үүнийг харгалзан үзэхийг хүсэж байна гэсэн.
Ер нь хүн хэлмэгдүүлж болохгүй, хууль засагладаг, хуулийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг нийтээрээ дагаж мөрдөх учиртай гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.