СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2023-12-01

Google Монголын цахим хөгжлийг дэмжинэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Дэлхийн технологийн салбарыг тэргүүлэгч Google компани Монгол Улсын зах зээлд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж, Монгол Улсын цахим шилжилт, боловсрол, залуусын хөгжилд хөрөнгө оруулалт хийхээр болсон билээ. Энэхүү үйл явдлыг тэмдэглэж, Google компани, ЦХХXЯ, БШУЯ хамтран “Mongolia x Google Partnership Launch” арга хэмжээг зохион байгууллаа.

Google компанийн зүгээс Монгол Улсын залуу хүн ам, эрчимтэй хэрэгжиж буй цахим шилжилтийг өндрөөр үнэлж, бүс нутагтаа цахим шилжилтээрээ түүчээлж, Цахим үндэстэн болох их үйлсэд хувь нэмэр оруулах зорилготой гэв. Энэхүү түншлэлийн хүрээнд Монгол Улсын Android хөгжүүлэгчид Playstore-оор дамжуулан төлбөр авах, контент хөгжүүлэгчид Youtube-ээс орлогын эх үүсвэртэй болох боломжийг нээхээр ажиллаж байна.

Үүнээс гадна цахим хөгжлийг шат ахиулахад шаардлагатай чадавхжуулах хөтөлбөр, материаллаг баазаар хангахаа энэхүү арга хэмжээний үеэр зарлалаа.

10 МЯНГАН БАГШИД ЦАХИМ УР ЧАДВАР ЭЗЭМШҮҮЛНЭ

Хүүхэд хамгааллын чиглэлээр Family link системийн монгол хувилбарыг хөгжүүлж, хэрэглэгчдийн гар дээр нэвтрүүлсэн. Цаашид БШУЯ-тай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг 20 мянган ширхэг зөөврийн компьютероор хангаж, Боловсролын Ерөнхий газар, Teach for Mongolia НҮТББ-тай хамтран Google Certified Educator хөтөлбөрийн дагуу 10 мянган багшид цахим ур чадвар эзэмшүүлэх сургалтыг цахим, танхим хосолсон байдлаар хэрэгжүүлэх аж.

Түүнчлэн ЦХХХЯ-тай хамтран их өгөгдөл шинжилгээ, төслийн менежмент, цахим аюулгүй байдал, UX дизайн, цахим худалдаа, маркетинг, мэдээллийн технологийн чиглэлээр хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц ур чадварыг олгох цахим, танхим хосолсон Google Career Certificate хөтөлбөрт 1500 залуусыг хамруулахаар төлөвлөсөн хэмээн Google- ийн төлөөлөгч мэдэгдлээ.

АВЛИГА, ХҮНД СУРТАЛТАЙ ЦАХИМААР БУЮУ ХҮНИЙ ОРОЛЦООГҮЙГЭЭР ТЭМЦЭЖ ЭХЭЛСЭН

Энэхүү үйл ажиллагааны үеэр ЦХХХЯ-ны сайд Н.Учрал “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичигт “Мэдээлэл технологийн судалгаа, шинжилгээг өргөжүүлэх, мэдлэгт суурилсан инновацын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, зөөлөн болон хатуу дэд бүтцийг хөгжүүлнэ”, “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны бодлогод “Шинжлэх ухаанд суурилсан өндөр технологи, блокчейн, хиймэл оюун ухааны ололтыг нэвтрүүлэх Цахим эдийн засгийн чиг хандлагад нийцсэн аж үйлдвэржилтийг хөгжүүлнэ” гэсэн зорилтод тулгуурлан олон улсын технологийн тэргүүлэх бодлогыг Монголд нутагшуулах шат дараатай ажлууд энэхүү ажиллагааны хүрээнд хэрэгжинэ" гэв. "Google" компани Монгол Улсад нэвтрүүлэх зургаан чиглэлийнхээ эхлэлийг өнөөдөр тавьж байна

"Family link" монгол хэл дээр нэвтэрснээр хүүхдийнхээ үзэж байгаа контентыг хязгаарлаж, Facebook, Youtube үзэх цагийг танах боломжтой

Хоёрдугаар сарын 1-ээс өмнө ямар операторын дугаар хэрэглэдгээс үл хамаарч байршил илгээх үйлчилгээг нэвтрүүлнэ

"Google"-ийн сертификаттай 3000 инженер бэлтгэх гэрээг байгуулж байна.

Авлига, хүнд сурталтай цахимаар буюу хүний оролцоогүйгээр тэмцэж эхэлсэн. Энэ хүрээнд 750 мянган мөр өгөгдөл дээр суурилсан "Big Data"-г боловсруулж хувийн хэвшил, төрд хэрэглүүлнэ. Ингэснээр төр "Big Data"-д үндэслэж шийдвэр гаргадаг болно. Ирэх оны гуравдугаар сараас өмнө Монгол улс нийтээрээ цахим кодтой болно. Төрд байгаа мэдээлэл, иргэнээ таних дан систем шинэ түвшинд хүрнэ.

Үндэсний дата төв олон улсад кибер аюулгүй байдлын стандарт хэрэгжүүлж байгаа. Үүнтэй холбогдуулан орчныг бүрдүүлэх чиглэлээр кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төв үйл ажиллагаа явуулж эхэлсэн” гэсэн юм.

Батчулууны АЛТАНГЭРЭЛ

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 240 (7225)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.