БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад зорчих визний журамд өөрчлөлт орж байгаа талаар мэдээллээ.
Хоёр улсын хамтын ажиллагаа идэвхжиж байгаатай уялдуулан визний нөхцөлийг шат дараатайгаар хөнгөлөх боломжтой болсныг БНСУ-аас манай улсад суугаа Элчин сайд Ким Жүн Гү танилцуулав. Тус улсын зүгээс боловсролын зэрэгтэй холбоотой нөхцөлийг хөнгөвчлөх, визийн хүчинтэй хугацааг өөрчлөх зэргээр тодорхой өөрчлөлтүүдийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Тухайлбал, одоо мөрдөгдөж буй журамд БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн, эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн хөнгөлөлттэй нөхцөлд хамрагдах байсан бол шинэ журмын дагуу Солонгос улсад коллежоос дээш хөтөлбөрийг дүүргэсэн, эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн хөнгөлөлттэй нөхцөлд хамрагдаж болох аж.
Мөн, визийн хүчинтэй хугацааг өөрчлөх тухайд, одоо мөрдөгдөж буй журмаар богино хугацааны аяллын оршин суух хугацаа 90 хоног, хүчинтэй хугацаа нэг жил байсан бол үүнийг хөнгөвчилж хүчинтэй хугацааг гурван жил болгон сунгажээ.
Олон удаагийн виз олгох хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр нөхөр, эхнэр, эсвэл шууд хамаарал бүхий гэр бүлийн гишүүн нь одоогийн байдлаар БНСУ-д нэг жилээс дээш хугацаагаар амьдарч буй болон эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагын гишүүн орнуудад зорчих визтэй, тус орнуудад зорчиж байсан иргэн гэх заалтыг нэмсэн байна.
Энэ өөрчлөлтүүд энэ сарын 20-ноос хэрэгжиж эхэлжээ.
Б.Нандин
"Зууны мэдээ" сонин
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.