- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы ивээл дор “Эрсдэл ба Стандарт” үндэсний чуулганыг орон даяар гурван өдөр зохион байгуулж байна.
Гамшигт үзэгдлийн тоо, давтамж, хамрах хүрээ сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөхийн хэрээр гамшгийн улмаас үүсэх хохирлыг урьдчилан тооцоолох, түүнээс сэрэмжлэх, эрсдэлийг даван туулах, дасан зохицох чадавхтай нийгмийг бий болгох нь чухал байна. Олон улсын туршлагаас харахад гамшиг эрсдэлийг урьдчилан харж, сэрэмжлэх нь түүний хор хохирлыг арилгах үйл ажиллагаанаас 15-20 дахин бага зардал шаарддаг.
Манай улсад төдийгүй дэлхий дахинаа тулгамдаж буй нэн тэргүүний асуудлуудын нэг болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд стандарт мөрдүүлэх явдал нэн чухал учраас Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы ивээл дор “Эрсдэл ба Стандарт” үндэсний чуулганыг орон даяар гурван өдөр зохион байгуулж байна.
Эхний өдрийн үндсэн илтгэлийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Эрсдэлтэй орчин ба Монгол хүн” сэдвээр тавьж, илтгэл хэлэлцүүллээ.
Тэрбээр илтгэлийнхээ эхэнд "Стандарт бол нэг агентлагийн эсвэл нэг салбарын асуудал биш. Нийт улс орны эрх ашиг, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах чухал эд эс нь юм. Манай улс сүүлийн 30 гаруй жил стандарт гэдэг чухал зүйлийг ор тас умартаж, орхигдуулсны тод жишээ нь өнөөгийн Улаанбаатар хот. Тухайн улсын нийт хүн амын 7-14 хувь нь нийслэлдээ оршин суудаг бол үүнийг стандарт хэмжээ гэж үздэг. Гэтэл Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь нийслэл хотдоо амьдардаг. Энэхүү нь стандарт хэмжээнээс даруй 3.5-7 дахин их үзүүлэлт" хэмээн онцоллоо.
Түүнчлэн “Манай улсад өнөөдрийн байдлаар 6000 гаруй стандарт хэрэгжиж байна. Зөвхөн эрүүл мэндийн салбарт гэхэд 700 гаруй стандарттай. Эдгээр стандартаа шат шатандаа мөрдөж хэвшье, заримыг нь шинэчилж цэгцэлье, орчин цагийн чиг хандлагатай уялдуулан илүү боловсронгуй болгоё гэдэг асуудлыг би Хотын дарга байхаасаа хөндөж ярьсан. Одоо Шадар сайдын хувьд, гамшгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хувьд салбар бүрт стандарт мөрдөж хэвшүүлэх тал дээр илүү бодит үр дүн гаргахыг зорьж, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг боловсруулж, батлан хэрэгжүүлэх хүрээнд “Нэг улс-Нэгдсэн стандарт” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлээд байна” хэмээв.
Чуулганы үдээс өмнөх хуралдаан “Эрсдэлийн удирдлага ба тогтвортой байдал” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд НҮБ-ынСуурин зохицуулагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Эваристе Коуасси-Комлан “Эрсдэлийн удирдлага ба тогтвортой байдал”, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа “Нийгмийн эрсдэл ба нөлөөлөх хүчин зүйлс”, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Гамшгийн эрсдэлийн өсөлт”, Мандал санхүүгийн нэгдлийн Чэйрман Ө.Ганзориг “Эрсдэлийн менежмент” сэдвүүдээр тус тус илтгэл танилцуулав.
Нийгмийн эрсдэл, гамшгийн эрсдэлийн анхаарах голлох ерөнхий индекс, тоо, баримтыг харуулж эрсдэлийг удирдахад тулгарч буй асуудлуудыг авч хэлэлцэхийн зэрэгцээ хэрхэн шийдвэрлэх тал дээр гарц шийдлийг хэлэлцэн, стандартын хэрэглээг төгөлдөржүүлэх эрсдэл хийгээд стандартын талаарх олон нийтийн боловсролд анхаарах, төр, аж ахуйн нэгж, иргэний хяналтыг ажиллуулах, олон улсын туршлагаас нэвтрүүлэх чиглэлээр санал солилцов.
Тус чуулганд нийслэл, 21 аймаг, төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага болон НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн сан, Хүн амын сан, ДЭМБ, МУЗН зэрэг олон улсын байгууллагын 1500 гаруй төлөөлөл оролцож байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.