СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2023-11-16

Г.Дугаржав: Ерөнхий сайдын авлигатай тэмцэх ажил урагшлах уу, мохох уу гэдгийг шийдэх том шүүх хурал болно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 жилийн өмнө

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржавын МҮОНРТ-д өгсөн ярилцлагыг уншигч танд товчлон хүргэж байна.

-"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" компанийг төрд шилжүүлсэн. Одоо үйл ажиллагаа нь хэр явж байгаа вэ?

-Би нэг зүйлийг тодруулж хэлэх нь зүйтэй байх. "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийг төрд шилжүүлсэн гэж бид ярьцгааж байна. Тэгэхээр энэ үйлдвэр угаасаа төрийн өмч байсан. Анх 1990 онд Монгол, Японы хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Дархан, Сэлэнгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглээд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг барьж байгуулсан. Ингээд 1993 оны аравдугаар сарын 23-ны өдөр Монгол Улсад ган тасралтгүй хайлуулах үйл явц эхэлсэн. Тэгэхээр анхнаасаа төрийн өмчийн үйлдвэр байсан.

Харин концессын гэрээний үндсэн дээр 2014 онд хувийн хэвшилд шилжээд, 2020 онд төр концессын гэрээгээ дүгнээд, хангалтгүй байсан учраас буцааж авсан асуудал бий. Анхнаасаа төрийн өмч байсан гэдгийг тодотгоё.

Тэгэхээр сая хэлсэнчлэн 2022 оны дөрөвдүгээр сард концессын гэрээг цуцалж, төрийн менежментийн баг орж ажилласан. Үүнээс хойш 47 мянган тонн гангийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ. Мөн хоёр сая орчим тонн баяжмал үйлдвэрлэлээ. Үүнээсээ 500 мянга орчим тонн баяжмал экспортод гаргасан.

Мөн 43 мянган тонн гангийн бүтээгдэхүүн буюу арматур, гангийн хийцүүдийг борлуулаад байна. Үүнээсээ

-"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК биржээр бүтээгдэхүүнээ арилжиж эхэлсэн. Хэр үр дүнтэй байгаа вэ?

-2023 оны долоодугаар сарын 1-ээс биржээр төмрийн хүдэр, жоншийг арилжаалах хуулийн өөрчлөлт орсон. Манай компани есдүгээр сарын 15-аас биржийн арилжаа хийж эхэлсэн. Маш сайн үр дүнтэй байгаа. Энэ арилжаа нь дуудлага худалдаа. Манай компани бүтээгдэхүүнээ анхны үнээс 14-25 хувиар өсгөж зарж байгаа. Тухайлбал, нэг тонн нь 70 долларын нэрлэсэн үнэтэй бүтээгдэхүүн байлаа гэж бодоход 84 доллар хүрсэн тохиолдол байгаа. Тэгэхээр биржээр арилжсанаар дэлхийн зах зээлийн үнээр төмрийн хүдрээ борлуулж байна гэж ойлгох ёстой.

Гэхдээ бид гадагшаагаа төмрийн хүдрээ өндөр үнэтэй гаргах нь туйлын зорилго биш. Эх орондоо эцсийн бүтээгдэхүүн гаргах нь туйлын зорилго. Арматур, төмөр утас, хадаас зэрэг барилгын салбарт хэрэглэдэг гангийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж гаргах ёстой юм.

Нөгөөтэйгүүр нэг зүйлийг хэлэхэд, Японы Засгийн газартай хамтран байгуулсан энэ үйлдвэр нь хаягдал төмрийг боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологиор хийгдсэн. Түүнээс баяжмалыг боловсруулж, хайлуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологитой үйлдвэр биш байгаа юм.

-"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн концессийн гэрээтэй холбоотой маргаан үүссэн. Энэ асуудал юу болсон бэ?

- Харин эрдэс баялаг маань экспортод их хэмжээгээр гараад явчихсан. Иймд төр энэ асуудлыг эргэж харж үзээд гэрээг цуцалсан.

Мөн төмрийн хүдрийн баяжмал экспортлох нь өөр ойлголт шүү. Энэ 350 мянган тонн ган үйлдвэрлэх үйлдвэрээ бариад, шаардагдах баяжмалаа энэ үйлдвэртээ ашиглаад, илүү гарсныг нь экспортлох заалт гэрээнд бий. Гэтэл нөхөд яасан бэ гэхээр сорчилж олборлосон зүйл ч бий. Тус компани 1.5 их наядын борлуулалт хийж, 22 сая тонн орчим төмрийн хүдэр экспортолсон байдаг.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь гурван ордтой. Хоёрыг нь одоо ашиглаж байгаа. Төмөртэйн орд газар нь стратегийн орд газарт багтдаг. Энэ орд маань 220 сая тонны нөөцтэй. Төмөртэйн ордын үйл ажиллагааг 2012 онд эхлүүлсэн. Концесс авсан компани 2014 онд үйл ажиллагаагаа эхлүүлээд 7 сая тонныг олборлосон байдаг. Нөгөө нэг орд нь Дархан-Уул аймгийн Хонгор суманд байдаг Төмөр толгойн орд юм. Төмөр толгойн орд 20 сая тонны нөөцтэй гэж үздэг. Концессын гэрээнийн хугацаанд эндээс 15.6 сая тонныг олборлоод байна. Хамгийн харамсалтай нь Төмөр толгойн ордын нөөц дуусаж байна гэсэн үг. Одоо энэ уурхайг хаах төлөвлөгөө яригдана. Тус ордыг 3-5 жилийн хугацаанд хаах төлөвлөгөө хэрэгжүүлнэ.

Гурав дахь орд нь Хост уулын орд гэж бий. Энэ ордыг ашиглаагүй байгаа.

Манай компанийн үйл ажиллагаа хэвийн хэмжээнд очсон. Хаягдал төмрийн нөөцгүй байсныг таван сарын нөөцтэй болгож чадлаа.

-Хуулийн маргаантай асуудал нь шийдэгдэж байгаа юу?

-Маргаан хууль шүүхийн байгууллагаар шийдэгдэх ёстой. Гэхдээ манай компани нэхэмжлэгч байгууллага. Хэргийн нэг оролцогчийн хувьд анхаарал хандуулдаг. Тодорхой мэдээлэлтэй байгаа. Бидэнд байгаа мэдээллээр хэрэг шүүхэд шилжсэн. Их хэмжээний хохирлын асуудал яригдана.

Энэ сарын 21-нд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хохирол учруулсан албан тушаалтнуудыг шүүх юм. Эрдэнэт үйлдвэр, Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хохирол учруулсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүнэ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн том бүлэглэлийн хэргийг шүүнэ гэж ойлгож байгаа. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын авлигатай тэмцэх энэ ажил урагшлах уу, мохох уу гэдгийг шийдэх ийм том шүүх хурал болно гэж ойлгож байгаа. Олон нийт энэ асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй. Хууль шүүхийн байгууллага ч энэ асуудалд шударга хандана гэж хүлээж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.186.149

Шүүхэд найдваргүй ээ эзэндээ үйлчилнэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.