"Оюу Толгой" компани энэ оны гуравдугаар улирлын тайлангаа өчигдөр танилцуулав. Тус компани тайлант хугацаанд 127.149 тонн баяжмал дахь зэс, 135.646 унц алт үйлдвэрлэж, борлуулалтын орлого 1.2 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь зорилтот төлөвлөгөөгөө 29 хувиар давуулан биелүүлсэн үзүүлэлт юм. Үүнд зэс, алтны дэлхийн зах зээл дээрх үнэ өндөр байсан мөн борлуулалтын биет хэмжээ их байсан нь нөлөөлсөн байна. Тодруулбал, энэ оны гуравдугаар улиралд олборлосон зэсийн хэмжээ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар өсжээ.
Харин зарцуулалт нь 1.4 тэрбум ам.доллар байна. Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, холбогдох дүрэм журмын дагуу валютаа төгрөгт шилжүүлж, зарцуулсан гэдгээ тус компаниас мэдэгдсэн. Ингэхдээ бүх валютаа Монголбанкаар арилжаалжээ.
2010-2023 оны гуравдугаар улирал хүртэлх зарцуулалтын мэдээллээр ажилтнуудын цалин хөлсөнд 141 сая ам.доллар зарцуулжээ. Дотоодын худалдан авалтад нийт 26.9 их наяд төгрөг. Үүнээс 3.8 их наяд төгрөг зөвхөн Өмнөговь аймгийн хэмжээнд хийсэн худалдан авалт байна. Татвар хураамж, төлбөр, дотоодын НӨАТ-т 9.9 их наяд төгрөг төлсөн. Зөвхөн энэ оны эхний гурван улирлын байдлаар татвар, хураамж, бусад төлбөрт нэг их наяд гаруй төгрөг төлөөд байна.
Тус компани алсын хараагаа "Хамгийн том бус, хамгийн сайн нөлөөтэй гүний уурхай байх нь чухал. Шилдэг ажил олгогч байж анхааралтай, болгоомжтой, зорилго чиглэлтэй ялгаварлан гадуурхалаас ангид дарамтгүй орчинг бүрдүүлж дэлхийд өрсөлдөх ур чадвартай боловсон хүчинг бэлтгэнэ" хэмээн тодорхойлжээ. Эмэгтэйчүүдийн ажиллах хүчийг 50 хувьд хүргэх зорилт тавьж мөн алслагдсан дүүргийн өсвөр насны хүүхдүүдэд нөхөн үржихүйн боловсрол олгоход анхаарч 151 сая ам доллар зарцуулна. Одоогоор 371 оюутанг дэмжиж хөтөлбөрт хамруулсан.
Ирэх 10 жилд олборлолт нь гурав дахин нэмэгдэхээр байна. Ус, агаар, хөрсөнд үзүүлэх нөлөөг багасгана. Цаашид Оюутолгойн урсгал зардал эерэг болж хөрөнгө оруулалтаа нөхөж дууссаны дараа Монголын ард түмэнд ашиг хүртээх мөч рүү шилжих болно. Энэ мэдээж хөрөнгө оруулагч нарын хэмжээнд яригдах асуудал хэмээн “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер онцлов.
Тайлант хугацаанд гүнийн уурхайн олборлолтын хэмжээг нэмэгдүүлж 18 хүдэр буулгуурыг энэ гуравдугаар улиралд тэсэлж олборлолтын түвшингийн нийт хүдэр 72 болжээ. Ингэснээр оны эцэс гэхэд олборлох зэсийн хэмжээг 500 мянган тоннд хүргэх зорилтоо ийнхүү хангана гэв. Түүнчлэн хүдрийн биетийг гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажил үргэлжилж 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэлээ.
Уурхайн аюулгүй ажиллагааг 200 мянган хүн/цаг тутамд 0.20-с бага байлгах зорилтоо хангажээ. Олон улсад нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 1.2 куб метр ус ашигладаг бол "Оюу толгой" 0.55 метр кубээс бага 0.46 м/ куб ус ашиглажээ. Хэмнэлттэй ус ашигладаг уурхайн нэг гэж энгийнээр ойлгож болно. Олон улсын зэсийн бусад уурхайтай харьцуулахад гурав дахин бага ус ашигладаг гэв. Ус ашигласны төлбөрт 161 тэрбум төгрөг төлсөн байна. Ус дахин ашиглалтыг 86.7 хувьд хүргэжээ. Мөн хог хаягдлын 60 хувийг дахин боловсруулжээ. Нийт 64 га газарт нөхөн сэргээлт хийсний 45.5 хувьд биологийн нөхөн сэргээлт хийсэн байна. "100 сая мод хөтөлбөр"- ийн хүрээнд жилд Ханбогдод 250 мянга, Цогт-Овоод 500 мянган тарьц, суулгац ургуулах хүчин чадалтай хоёр мод үржүүлгийн газар байгуулжээ. Ханбогд сумын 35 га талбайд 30 мянган мод тарьжээ. Богд уулын Түргэний аманд түймэрт өртсөн 20 га талбайд ойжуулалтын ажил, Сэлэнгэ аймгийн Ялбагийн хөндий дэх, хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр сүйдсэн 400 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн байна.
Энэ хугацаанд 812 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 704 үндэсний ханган нийлүүлэгч байв. Худалдан авалтынхаа 88 хувийг эдгээр нийлүүлэгчдэдээ зарцуулжээ. Өмнөговь аймагт гэхэд бүртгэлтэй 113 хангагчаас 719.9 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ авчээ. Орон нутгийн тогтвортой хөгжилд зориулсан "Говийн оюу хөгжлийг дэмжих сангаар дамжуулж 50 төсөл хэрэгжүүлж одоогоор 26.5 тэрбум төгрөг зарцуулж нэг эмнэлэг, нэг сургууль ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Төслийн 32 хувийг Ханбогд хөгжлийг дэмжих Оюу толгойн хурдасгуур сангаас санхүүжүүлжээ. Орон нутгийн оролцоог хангасан хамтын ажиллагааг эрхэмлэж хөгжил дэвшлийг хамтдаа бүтээхийг зорьж байгаа гэдгээ салбар хариуцсан мэргэжилтнүүд танилцуулага хийх бүртээ илэрхийлж байв.
Ц.МЯГМАРБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 224 (7209)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэгээд борлуулалтын орлогын 5 хувиа өгчихвөл бид 51 хувь гэж эргүүтэхгүй
Энэ 1.2 тэрбум доллараас хэ нь Монголд ногдсон бэ??????
Борлуулалтын хэдэн % нь ордог бэ!
Энэ жил ч ашиг өгөхгүй уим бна дараа жилээс монголд ашгаа өгнө гэнээ